Энэ сард үйлдвэрлэгч ААН, ТББ-ууд нэгдэн, Экспорт монгол консорциумыг зохион байгуулсан. Консорциумд нэгдсэн үйлдвэрлэгч байгууллагууд бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд экспортлоход ямар асуудлууд тулгамддаг талаар мэдээллийг та бүхэнд хүргэе.
МОНГОЛД ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ЧИГ ХАНДЛАГЫГ МЭДРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
Энэ талаар Сэцэн фейшн брэндийг үүсгэн байгужлагч Б.Ганцэцэг "Манайх 2015 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Монголын хувцас загварын ертөнцөд түүх соёлоо мэдүүлэх зорилгоор, “Шинэ эриний соёлын голомтыг бүтээе” гэсэн урианы доор мэргэжлийн хамт олон, дизайнерууд нэгдэн ажиллаж байна. Манай монголын бараа бүтээгдэхүүнүүдийг гаднынхан сонирхож байна. Бид бэлтгэлтэй байх ёстой юм байна. Түүхий эдийн бэлтгэлтэй байх ёстой гэсэн үг. АНН-үүд маань стандартыг илүү барьж, оюуны өмчийн, зохиогчийн эрх дээр суурилсан байх ёстой. Патиэнтийг эзэмшсэн байх ёстой гээд олон улсын худалдаа хэлэлцээрийн чиг хандлагыг нэвтрүүлэх хэрэгтэй. Монголд энэ чиг хандлага харьцангуй хөгжөөгүй байна. Худалдааны хуульгүй учраас энэ бидэнд маш хүндрэлтэй байгаа. Хил, гаалиар бараагаа авч гарахад хүндрэлтэй байна. Бүтээгдэхүүн дээр бид малын гаралтай анхдагч түүхий эд, ноос ноолуур арьс ширээ бэлтгэж гаргаад болоод байна. Гэтэл боловсруулалт дээрээ маш их алддаг юм байна гэж харж байна. Манай хөнгөн үйлдвэр буюу оёдлын салбар өөрөө 100 хувь импортын салбар байж байгаа. Ганцаараа тоглолт хийгээд гарна гэвэл дэлхийн зах зээл биднийг хүлээж авахгүй болсон байна” гэв.
САЙН, МУУ Ч АМЖИЛТ ОЛСОН ЖИШГҮҮДИЙГ ДАГАХ ЧУХАЛ
Харин Технож бизнес инкубатор төвийн захирал Л.Галаарийдий “Гадаад зах зээл дээр ямар ч байдлаар орон зайнууд байдаг. Дотоодын зах зээл дээр ч байна. Гэхдээ монголын эдийн засгийн өсөлтийг тэлэхийн тулд бид гадагшаа хандахаас өөр аргагүй. Энэ дээр хамгийн том үйлдвэр Gobi маань ч гэсэн заримдаа амжилт гаргахад хүчин чадал, менежмент нь хүрдэггүй. Тэгэхээр дэлхий нийтээр бизнесүүд олноороо хамтарч, хөрөнгө босгож, тухайн бизнесүүдээ удирддаг. Нөгөө талаас амжилт олсон жишгүүд бол дандаа кластер байдлаар том нь жижгүүдтэйгээ хамтарч ажилладаг. Тэгэхээр бид сайн муу ч гэсэн амжилт олсон жишгүүдийг яалт ч үгүй дагахаас өөр аргагүй. Туслан гүйцэтгэгч буюу олон улсын зарчмаар явах юм бол бидэнд боломж байна. Зээлээр ч юм уу эхний ээлжид мөнгө байхад болно гэж боддог байсан, мөнгөө олчхоод дахин өөр асуудал үүсээд байдаг. Яг үүн шиг монголын эдийн засгийг экспортлоход олон асуудал тулгамдаад байна” гэлээ.
ҮЙЛДВЭРЛЭГЧ ЗАЛУУС БОР ЗҮРХЭЭРЭЭ Л ЯВЖ БАЙНА
Түүнчлэн Атоз брендийг үүсгэн байгуулагч Энхцацрал дараах зүйлийг хэлж байна.
Тэрбээр “Манайх 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Бүтээгдэхүүнээ экспортолж амжаагүй. Энэ жилээс судалж, эхэлж байна. Мэдээж үйлдвэрлэл эрхлэхэд татвар өндөр, хүний нөөц бага байна. Гол нь хүний нөөц хамгийн хэцүү. Миний хувьд залуу хүн. Үйл ажиллагаа явуулж, бренд үүсгээд явж байхад төрөөс ямар ч дэмжлэг байгаагүй. Тэр талаар судлахад ч дандаа хаалттай юм шиг санагдсан. Залуучууд бид хүслээрээ л өөрийн брендийг хөгжүүлэх гээд бор зүрхээрээ явж байна” гэсэн юм.
ЭКСПОРТ МОНГОЛ КОНСОРЦИУМ ОЛОН ТАЛЫГ ХОЛБОХ ГҮҮР БОЛНО
Гадны зах зээлд бүтээгдэхүүнээ амжилттай экспортлох нь олон талын оролцогчдын хамтын ажиллагаанаас шууд хамаарна. Аливаа бүтээгдэхүүнээ экспортлох нь зорилтот зах зээлийг судлах, сонгох тухайн зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлоход шаардах нөхцөл, орчин, худалдан авагчдын сонирхол, онцлог зэргийг судлан тухайн зах зээлд тохируулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн нийлүүлэхэд оршино.
Иймд экспортын тодорхой зах зээлд мэргэшсэн, эсвэл экспортын тодорхой процессоор дагнан олон жилийн туршлага хуримтлуулсан мэргэжлийн байгууллагууд хамтран “Экспорт Монгол Консорциум”-ыг үүсгэн байгуулсан байна. Тус консорциум нь үйлдвэрлэгчид болон гадны зах зээлийн худалдан авагчдын дунд гүүр болох, шаардлагатай асуудлуудыг шийдэхэд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын дундын гүүр болон ажиллахаар төлөвлөж байна.
Европын эдийн засаг, нийгмийн хорооны гаргасан судалгаагаар экспортыг дэмжих хамгийн чухал хүчин зүйлсийн нэг нь дотоодын болон гадны олон талт харилцааг зохицуулах байдаг бөгөөд дотооддоо төрөөс бодлогоор дэмжих харин мэргэжлийн байгууллагууд нь үйлдвэрлэгч нарыг экспортод бэлдэх (coaching), гадны зах зээлтэй холбох нь маш чухал үйл ажиллагаа гэжээ*. Мөн дээрх судалгаагаар экспортын хувьд компаниуд өөрсдийн давуу болон сул талуудыг тэр бүр мэддэггүй тул тухайн үйлдвэрлэгчдэд зөвлөгөө авах хэрэгцээ шаардлага өндөр байдаг тухай дүгнэсэн байдаг.
Монгол улсаас экспортын зах зээлд амжилт үзүүлэх магадлал өндөр оёмол, сүлжмэл үйлдэрлэлийн салбарын экспорт сүүлийн хорин жилд гурав дахин өссөн тухай Эдийн засгийн судалгааны байгууллагын тайлан*-д дурдсан байдаг. Экспорт Монгол Консорциумын зүгээс Монгол улсаас экспортын зах зээлд өсөлт үзүүлэх потенциал өндөртэй, дотооддоо нэмүү өртөг шингээх боломжтой оёмол, сүлжмэл үйлдвэрлэлийн салбар болон хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрлэгчдийн кластер үүсгэн, нэгдсэн брэнд хөгжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.
Сонирхсон үйлдвэрлэгчид [email protected] хаягт хандах боломжтой.