Туркийн ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр эхэлнэ. Тус улсын одоогийн ерөнхийлөгч Р.Т.Эрдоган 2014 оноос хойш уг албыг хашиж байгаа юм. Гэвч энэ удаагийн сонгуульд түүнийг ялалт байгуулж чадахгүй гэсэн таамаг ихээхэн өрнөж байна. Р.Т.Эрдоганы гол өрсөлдөгч бол Туркийн зургаан намаас бүрдсэн сөрөг хүчний эвслээс нэр дэвшигч, Бүгд найрамдах ардын намын дарга Кемал Кылычдароглу юм.
Тэрбээр зүүний үзэл баримтлалтай ба Турк улсыг НАТО-той ойр байхыг дэмждэг. Өөрөөр хэлбэл, Кемал Кылычдароглу сонгуульд ялалт байгуулбал Орос, Украины дайн дахь Туркийн баримталж буй байр суурь Украиныг дэмжих тал руугаа ойртоно гэсэн үг. Дайн эхэлсэн цагаас хойш Турк улс тус хоёр улсын дунд зуучлах үүрэг гүйцэтгэх гэж оролдсоор ирсэн билээ. Кемал Кылычдароглу “ардчилал ба энх тайванг тогтооно” гэж амлалт өгсөн юм.
Туркийн улс төрд 20 гаруй жил засагласан Р.Т.Эрдоганы эрх барьсан жилүүдэд Турк улс эдийн засгийн хямралд өртөж, нэг хүний засаглалд шилжих тал руугаа хандсан гэж шинжээчид шүүмжилдэг. Түүнчлэн энэ оны эхээр болсон газар хөдлөлтөд Турк улс бэлтгэлгүй байсны улмаас олон хүн амь насаараа хохирсон гэж ард иргэд нь буруутгадаг байна.
Туркийн ерөнхийлөгчийн сонгууль зөвхөн Турк төдийгүй олон улсад ч хамааралтай гэдгийг эх хэвлэлүүд онцолж байна. Нэн ялангуяа, Р.Т.Эрдоганы засаглал дуусах магадлалтай байгааг шинжээчид хэлж байгаа юм.
Эх сурвалж: BBC