Газрын харилцааны салбарын ахмад үеийнхэн, эрдэмтэн судлаачид, энэ салбарт ажиллаж буй нийт ажилтан, албан хаагчид Та бүхэнд “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлье!
Энэ жил Газар зохион байгуулалтын алба үүсэж хөгжсөний 69 жил, Монгол улсын иргэнд газар өмчлүүлсэний 20 жилийн ой тохиож байна.
Газрын харилцааны салбар нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодези, зураг зүй, суурь судалгаа, мониторинг, газар зохион байгуулалт, газрын кадастр, хот байгуулалт, орон зайн мэдээллийн менежмент, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, баялаг бүтээх эрхийг зохицуулдаг суурь салбар билээ.
Барилга, хот байгуулалтын яамнаас “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг хөгжлийн бодлогын баримт бичигт туссан ухаалаг, иргэн төвтэй газрын нэгдмэл удирдлага, менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх замаар тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зорилтыг хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд Улсын хэмжээнд Газрын нэгдмэл сангийн цахим удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлж газартай холбоотой 45 төрлийн үйлчилгээ, 12 төрлийн мэдээлэл, лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй хэвлэн авах боломжтой нийт 41 “Киоск” цахим төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүллээ.
Түүнчлэн газрын харилцааны салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр Газрын багц хууль, Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай, Хот байгуулалтын тухай, Геодези зураг зүйн тухай анхдагч болон шинэчилсэн найруулгын хуулийн төслүүдийг боловсруулж Улсын их хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж байна.
Мөн шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр Монгол Улсын Их Хурлын 2022 оны 10 дугаар тогтоолоор “Хөшигийн хөндийн Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах”, УИХ-ын 2023 оны 07 дугаар тогтоолоор Орхоны хөндийд “Шинэ Хархорум хот”-уудыг байгуулахаар шийдвэрлэсний дагуу бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна.
Цаашид газрын харилцааны салбарт шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэн, газрын харилцааны тогтолцоо, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын мэргэжилтнүүдийг чадавхижуулж, тэднийг ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаар ханган ёс зүйг дээдэлсэн төрийн албыг төлөвшүүлэхээр зорьж байна.
Та бүхэнд ажлын амжилт хүсье.