Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар үнийн өсөлтийн асуудлаар холбогдох яамны мэдээллийг сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Үндэсний статистикийн хорооноос гаргаж байгаа тоон мэдээлэл, түүнд үндэслээд Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүдийн нөлөөлөл үр дүн багатай байна. Тиймээс статистик мэдээлэлд эргэлзэж байгаагаа илэрхийллээ.
Статистик мэдээлэл эргэлзээтэй байгаа нь авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр нөлөөллийг үгүй хийж байгааг онцлов. Түүний нэг тод жишээ нь ҮСХ-ноос гаргасан өрхийн амьжиргааг тогтоосон судалгаанд үндэслэн хүүхдийн мөнгөний олголтыг шийдвэрлэсэн нь томоохон асуудал дагуулж ялангуяа орон нутгийн иргэд хохирч байгаа талаар иргэдээс санал гомдол тасардаггүй талаар дурдсан.
Мөн үнийн өсөлтийн хувьд долоо долоо хоногоор бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байхад статистик мэдээллээр буураад байдаг. Бодит байдалд буураагүй гэдэг нь ард иргэдийн яриа, газар дээр нь явж судлахад тодорхой байна. Зарим төрийн бус байгууллагын судалгаагаар өмнөх долоо хоногоос бараа бүтээгдэхүүний үнэ 9,3 хувиар нэмэгдсэн гэсэн тооцоо байна. Инфляц цаасан дээр л буураад байгаа юм биш биз гэсэн эргэлзээ байгаагаа тодруулж байсан.
Харин Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн хариулснаар одоо байгаа 12,1 хувийн инфляц нь өсөлтийн хурдац, харин бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт сард нэг хувийн өсөлттэй гарч байгаа. Сүүлийн сар хагасын хугацаанд махны үнэ гэхэд 15 хувийн өсөлттэй гарсан гэв. Судалгааны аргачлалдаа ҮСХ итгэлтэй байдаг аж.