Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар эрс дордсоныг худалдаа эрхлэгчид хэлж байна. Иргэд мах худалдаж авч хүчрэхгүй тул шөл гаргачих яс асуудаг болжээ. Мөн бага багаар мах авч, жижиглэж, хэрчиж өгөөч гэж хүсдэг тухай хэлсэн юм. Биднийг Баянзүрх худалдааны төвд очиход иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хүнсээ цуглуулахаар ирсэн иргэд хэлэхдээ "Өнөөдөр тэтгэвэр 500 мянга байна. Үгүй ядаж 1 сая төгрөг болгочихвол арай ондоо болохоор байх юм. Үхрийн мах 20, хониных нь 15 мянга болчхож. Бид нар ингэхээр яаж амьдрах билээ" гэцгээж байлаа. Тортой хүнс барьсан ахмад настнаас Та махаа эндээс авч чадав уу гэж асуутал "Эндээс авахаа болиод Бөмбөгөр орох гэж байна. Болохгүй бол Хүчит шонхор орно доо. Идэх уух юм ч ийм байдаг байж гэж бодъё. Өмсөх зүүх ч бас хэцүүдэж байна шүү дээ. Өдрийн хүнсээ хайж харьцуулж байж хямдыг нь л авна даа" гэсээр цааш явлаа.
Харин худалдаа эрхлэгч "Энэ жил малчдаас мах үнэтэй ирж байна. Зуд ихтэй байгаа болохоор малчдыг бас буруутгах аргагүй. Хүмүүс мах авахаасаа илүү тойгны яс байна уу, чөмөгний яс байна уу л болчихсон байна шүү дээ. Хэрэглээгээ танаж байгаа нь илт мэдэгдэж байна. 5,10 кг мах авъя гээд орж ирдэг байсан бол одоо 500 гр мах авъя. Эсвэл 5кг мах авна, бүтэн сар иднэ. Та жижиг жижгээр нь хэрчээд өгөөч гэдэг болсон байна. Ченж нар махыг үнэтэй зарж байна гэдэг. Гэтэл бид бас амьдрах гээд явж байгаа хүмүүс шүү дээ. Замаа алдтал нэмээд байгаа юм байхгүй. Ер нь мах цаанаасаа үнэтэй ирж байгаа. Гол нь хүмүүсийн цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй болохоор л бухимдаад байна. Төр засаг нь анхаармаар юм" гэлээ.
Видеог дээрээс үзнэ үү.