Австрали улсад электрон тамхи буюу вэйпийг хориглохоор боллоо. Мэргэжилтнүүд уг тамхийг тахлын хэмжээнд нүүрлэсэн гэж анхааруулсан тул ийм шийдвэр гаргаж буйгаа эрх баригчид тайлбарласан байна. Тэд электрон тамхины худалдааг хязгаарлаж, тодорхой зохицуулалтуудыг хийхээр болжээ.
Энэ талаар тус улсын эрүүл мэндийн сайд Марк Батлер “Электрон тамхи бүтэн үеийг никотинд донтуулж байна” гэж хэлсэн байна. Электрон тамхийг тамхинаас гарч байгаа хүмүүст хэрэглэхийг уриалдаг ч үнэн хэрэг дээрээ залуу үеийнхнийг ихээр донтуулж байна гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Их Британийн засгийн газар “Swap to stop” аяны хүрээнд энгийн тамхи татдаг хүмүүст электрон тамхи үнэгүй өгч, тамхинаас гарахыг уриалдаг. Их Британийн судлаачид электрон тамхи нь энгийн тамхинаас хор хөнөөл багатай гэж үзсэний үндсэн дээр засгийн газраас нь дээр шийдвэрийг гаргасан.
Харин ДЭМБ тэргүүтэй эрүүл мэндийн мэргэжилтнүүд электрон тамхи нь хор хөнөөл багатай биш бөгөөд удаан хугацааны хор уршиг нь тодорхой болоогүй, одоог хүртэл судлагдаж байгааг анхааруулдаг аж. Тиймээс Австралийн засгийн газар электрон тамхийг нийгмийн эрүүл мэндэд тулгамдсан асуудал гэж хүлээн зөвшөөрсөн байна. Нэн ялангуяа, өмнө нь тамхи татаж үзээгүй залуу хүмүүс, өсвөр үеийнхэн ихээр хэрэглэж болсныг анхааралдаа авчээ.
Судалгаагаар Австралийн 14-17 настай зургаан хүүхэд тутмын нэг, 18-24 настай дөрвөн хүн тутмын нэг нь электрон тамхи татаж байна гэсэн үр дүн гарчээ.
SOURCE: BBC