ОХУ-ын хувийн батлан хамгаалах байгууллага болох Вагнер бүлэглэлийн талд байлдах Оросын ялтнуудын тоо нэмэгдэж буйг Украины талаас мэдэгдлээ. Тодруулбал, 400 гаруй ялтан нэмэгдэж Украинд ирснийг тус улсын армийнхан мэдээлсэн байна. Тэднийг Украины өмнөд хэсэгт байрлах Запорожийн Бердианск дүүрэг дэх хээрийн хуаранд байрлуулсан байна. Энэ оны 3-р сард Вагнер бүлэглэлийн тэргүүн Евгений Пригожин тавдугаар сарын дунд үе гэхэд 30 мянган шинэ цэргүүдийг өөрсөддөө нэгтгэнэ гэж байсан юм. Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын Батлан хамгаалахын яам цэргийн удирдлагатаа өөрчлөлт хийж, Батлан хамгаалахын дэд сайдаа сольсон байна.
Тус яам ням гаригт Телеграм хуудсаараа дамжуулан ОХУ-ын армид олон төрлийн удирдах албан тушаал хашиж байсан, хурандаа генерал Алексей Кузменковыг хурандаа генерал Михаил Мизинцевийн ажиллаж байсан албан тушаалд томилсон тухай мэдээлсэн байна. Михаил Мизинцев нь “Мариуполийн яргачин” гэж барууны орнуудад цоллогдсон бөгөөд Мариуполийг эзлэхэд гол үүрэг гүйцэтгэж байсан нэгэн аж. Түүнийг яагаад чухал үүргээс нь татсанаа ОХУ-ын эрх баригчид тайлбарлаагүй байна.
SOURCE: CNN