Нийслэлийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан "Шилдэг бизнес-2023" төслийн уралдааны тэргүүн байрыг 40 дүгээр сургуулийн 12г ангийн сурагч М.Маралмаа эзэлсэн. Түүний төслийн санаа болон цаашдын зорилгын талаар ярилцлаа.
Тэрбээр бизнес удирдлага тэр дундаа менежментээр сурах хүсэлтэй учраас уралдааны танилцуулгыг харан оролцохоор шийджээ. Төслийнхөө санааг олохгүй байх үед нь үеэл эгч нь түүн рүү утасдаж "Хүүхдээ салхилуулах, муураа салхилуулах хэцүү юм. Хоёуланг нь хамт аваад гарвал амар байна" гэж хэлснээр түүнд төслийн санаа нь төрсөн ажээ.
М.Маралмаа төслөө бичих үедээ сургуулийнхаа 1000 гаруй хүүхдийг хамруулан тэжээвэр амьтны судалгааг хийсэн юм.
М.Маралмаа: Монголд тэжээвэр амьтны тухай нэг ч судалгаа хийгдээгүй юм билээ. Тиймээс би өөрөө хийхээр шийдсэн. Тэжээвэр амьтнаа хийгээд явдаг малгайтай цамцны санаагаа тэмцээнийхээ өмнөх 7 хоногт л би бодож олсон. Төсөл хураалгах сүүлийн цаг нь 17:00 цаг байсан. Би яг л тэр цагт амжиж очоод өгсөн. Судалгаагаа боловсруулахын тулд нэг, хоёр өдрийн хичээлээ тасалчихсан. инээх Би төслөө хэрэгжүүлнэ гээд шийдчихсэн учраас бүтээгдэхүүн гарсны дараа олон нийтэд илүү дэлгэрэнгүй танилцуулахыг хүсч байна.
Надтай хамт өрсөлдсөн хүүхдүүд үнэхээр чадварлаг, оюунлаг төслүүдийг бичсэн. Тэр дунд уушги цэвэрлэдэг чихэр, аргал ашиглан лаа хийх төсөл ч байсан. Би шилдэг 30 хүүхдийн нэг болсоныхоо дараа нь ядаж эхний гурван байранд орох болов уу гэсэн айдастай байсан юм. Гэтэл шалгаруулалтын өдөр миний нэр дуудагдах мөчид үнэхээр итгэж өгөөгүй. Ирээдүйд энэ уралдаанд оролцох хүүхдүүдэд хандан хэлэхэд "Хэзээ ч өөрийгөө бүү голоорой. Өөрийнхөө төслийг ч тэр битгий голоорой"
М.Маралмаагийн сайн найз Ч.Номин-Эрдэнэ: Найз минь надад шилдэг 30 хүүхдийн нэг болсон тухайгаа хэлэн санаагаа хэлэхэд нь би "Хөөх миний найз ямар мундаг юм бэ" гэж бодож байсан. Уралдааны өдөр би хамгийн урд суугаад М.Маралмаагаа үзсэн. Дараа нь бичсэн бичлэгээ үзэх үед би үнэхээр их уйлсан байж билээ. Би найзаараа бахархаж байна.