Сонгууль дөхөж, улстөрд бужигнаан үүсэж эхлээд байна. 2024 оны УИХ-ын сонгуулийг наашлуулж магадгүй, ирэх намар сонгуулиа хийх үү гэдэг таамаг яригдах болсон. Энэ үед сонгуулийн тогтолцоог хэрхэх вэ гэдгээ эрх баригч нам эхний байдлаар танилцуулсан нь анхаарал татах өнцөг байлаа. Өчигдөр МАН-ын бүлэг хуралдаж, Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал дээр эрх баригч нам ямар байр суурьтай байгааг танилцуулсан юм.
“ХОЛИМОГ СИСТЕМЭЭР, 38:38 ХАРЬЦААГААР СОНГУУЛЬ ЯВУУЛНА”
Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсэг АН, МАН, ХҮН намын төлөөлөл багтсан байна. Сонгууль явуулахаас нэг жилийн дотор хуульд гар хүрэхийг хориглодог учир зургаадугаар сарын 20-нөөс өмнө хуульд өөрчлөлт оруулж, өнгөрсөн сонгууль дээр мөрдсөн мажоритар тогтолцоог холимог системээр солих гэж байна. Тодруулбал, 50 хувь нь мажоритар, 50 хувь нь пропорционал тогтолцоог хэрэгжүүлнэ. Ингэснээр УИХ-ын гишүүдийн 38 нь санал хураалтаар сонгогдож, үлдсэн 38 нь намын жагсаалтаар Парламентад орж ирэхээр болж байна.
“ОЛОН НИЙТЭД ТААЛАГДАХГҮЙ УЛСТӨРЧИД ТООНООР ОРЖ ИРЭХ СУЛ ТАЛТАЙ”
Ер нь, мажоритар системээр, томсгосон тойргоор сонгууль явуулахад сонгогчдын санал гээгддэг, зөвхөн том намуудад л ашигтай гэх шүүмжлэлийг улстөрийн намууд өнгөрсөн хугацаанд хөндөн тавьж ирсэн. Тиймээс намуудын төлөөллийг хамруулж хэлэлцээд, холимог тогтолцоон дээр ийнхүү санал нэгдээд байна. Гэхдээ холимог тогтолцоо намуудын нийт авсан саналд нь тулгуурлаж суудал хуваарилж, тэгш оролцоог нь хангадаг давуу талтай ч гэлээ хүсээгүй нэр дэвшигч “тооноор орж ирээд суучих” сөрөг талтай гэж буруутгадаг. Учир нь, олон нийтээс санал авч сонгогдохооргүй нь тодорхой болсон, намдаа хамгийн их хандив өгдөг, хөрөнгө чинээтэй нэгэн нь намынхаа жагсаалтад багтаж, автоматаар сонгогдоно. Жишээлбэл, ямарваа нэг гэмт хэрэгт холбогдож байсан, ёс зүйн алдаа гаргасан улстөрчид намдаа тал засаж гүйсээр жагсаалтад багтаж, олон нийт хичнээн эсэргүүцсэн үл тоон хууль тогтоогч болж чаддаг сул талтай юм. Тиймээс ч намуудыг зарчимтай, "нуруутай" байж гагцхүү зөв, шударга, ард түмний төлөөлөл болж чадахуйц хүнээ хууль тогтоох байгууллагад жагсаалтаар оруулж ирэхийг ард түмэн шаардах учиртай.
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ СОНИРХОЛ “АРЧИГДАХ” БОЛСОН УУ
Сонгуулийн тогтолцоог дагаад хамгийн их яригдаж ирсэн асуудал нь гишүүдийн тоог нэмэгдүүлэх. Улстөрийн намуудын тухайд УИХ-ын гишүүдийн тоог 100-аас дээш болгох ёстой гэсэн байр суурьтай байна. УИХ-ын гишүүдийн тоог 2 дахин нэмж, гишүүдийн тоог 142 болгосноор зардал хоёр дахин өсөхгүй хэмээн тайлбарласаар буй. Гэвч ингэж гишүүдийн тоог 100 давуулахын тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх хэрэгтэй болно. Эрх баригч намын тайлбар, улстөрд өрнөж буй явцаас харахад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог нэмэгдүүлж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Нөгөө талдаа, Үндсэн хуулийг цоо шинээр өөрчилье гэдэг хэсэг бүлэг буюу Н.Энхбаярын талынхан бий. Тэдний үзэж буйгаар Парламент хоёр танхимтай байх ёстой гэсэн үзэл баримтлал, заалт бүхий Үндсэн хуулийн шинэ хувилбарыг боловсруулаад байгаа юм. МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлэхдээ “Би тавдугаар Үндсэн хуулийн төлөө Л.Оюун-Эрдэнэтэй гар барьсан” хэмээн мэдэгдээд буй. Эрх баригч намынхан гишүүдийнхээ тоог нэмэх далд сонирхолтой байгаа ч гэлээ сонгуулийн өмнө олон нийтээс оноо алдах вий гэж болгоомжилсондоо гишүүдийн тооны асуудлыг хөндөхгүйгээр, сонгуулиа холимог болгож өөрчлөөд өнгөрөхөөр дүр зураг ч өчигдрөөс харагдаж эхэллээ. Ямартай ч хаврын чуулган эхэлснээр ирэх сонгуулийн сураг дуулиан улам эрчимжиж эхэллээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.