Эрүүл мэндийн яамнаас “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг зарлаад байна. Энэ үеэр спортын дасгалжуулагч Ж.Баянмөнх жин хасах, эрүүл зөв хооллох талаар зөвлөгөө өглөө.
Тэрбээр “Буруу мэдээ, мэдээлэл таргалалтын шалтгаан болж байна Сүүлийн жилүүдэд манай улсад таргалалт эрс нэмэгдсэн. Хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй, 100 хүн тутмын нэг нь чихрийн шижин өвчтэй байна. Ялангуяа, өсвөр насны хүүхдүүдийн дунд таргалалт маш их. 1970-2010 оны хооронд дэлхийн хүн амын таргалалт огцом нэмэгдсэн байдаг. Энэ нь нүүрс усны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой гэж үздэг.
Монголчуудад эрүүл зөв хооллолтын мэдлэг байдаггүй, шим тэжээлийн ойлголт дутмаг учраас буруу хооллодог. Энэ нь таргалалтын хамгийн том шалтгаан болоод байна. Эрүүл хооллохын тулд хоол хүнс шим тэжээлийн мэдлэгтэй, түүнийхээ үүрэг ач холбогдлыг мэддэг байх хэрэгтэй. Мэдээж муу зуршил хөдөлгөөний дутагдлууд орж байгаа. Дасгал хөдөлгөөн хийснээр, цусны эргэлт сайжирна, дархлаа дэмжигдэнэ,зүрх судасны өвчнөөс сэргийлэх, сэтгэл санааг тайвшруулах гээд олон давуу талтай.
Дараа нь буруу мэдээ, мэдээлэл таргалалтад нөлөөлж байна. Жишээ нь, хүнийг өдөрт олон удаа хоолловол жингээ хасна гэсэн нийтлэг буруу ойлголт байдаг. Мөн өглөөний цайг тогтмол уух хэрэгтэй гэдэг. Өглөөний цайг тогтмол уухдаа гол нь биш. Юу идэж уухаас шалтгаална” гэлээ.
Р.ЦЭЦЭГБАЯР