Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэг,зөвлөгөөнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр Туркт Улсад болсон газар хөдлөлтийн голомтод үүрэг гүйцэтгэсэн эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон туршлагаасаа хуваалцаж, зөвлөмж сургамж өглөө.
Хэлэлцүүлэгт мэргэжлийн 72 байгууллагын 220 гаруй төлөөлөл оролцож, Улаанбаатар хотын барилгын чанар стандартын талаар зөвлөмж гаргалаа.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 98 хувь нь идэвхтэй газар хөдлөлтийн бүсэд хамаардаг бөгөөд 1995-2009 онд нийт 600 гаруй сулавтар хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Үүний зэрэгцээ нийслэлд 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөхөд төвийн зургаан дүүргийн барилга байгууламжийн нурах магадлал, хохирлын хэмжээ 22-48 хувьтай, гэр хороололд 81 хувьтай хэмээн тооцоолсон нь бий гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.