Нийслэлийн Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Хүүхэд хамгааллын шүгэл төслийг эхлүүллээ. Энэ төслийн хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр кампанит ажил өрнүүлэх юм байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Өнөөдөр хүүхдүүд хүчирхийлэл, осолд өртөх зэргээр эрх нь маш их зөрчигдөж байна. Гэвч хүүхдүүд яаж тусламж дуудахаа тэр бүр мэддэггүй. “Би хохирсон тохиолдолд л 108 утас руу залгах ёстой” гэсэн ойлголттой байдаг. Тийм учраас хүүхдүүд шүглийг биедээ авч явдаг байх хэвшлийг суулгахаар зорьж байна. Тусламж хэрэгтэй үед шүглээ үлээнэ гэсэн үг. Дэлхий даяар тархсан энэ аргыг Монголдоо хүүхэд хамгааллын нэг тогтолцоо болгох нь чухал байна. Хүчирхийлэлд өртсөнийх нь дараа биш, өртөхөөс нь өмнө хамгаалдаг байх тогтолцоо үгүйлэгдэж байна” гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Гэр бүлийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байна. Мөн хүүхэд хамгааллын тухай хууль болон Боловсролын багц хууль батлагдах гэж байна. Ингэснээр хүүхдүүд ирээдүйд илүү сайн төлөвшилтэй, сайн эцэг эх байх суурь бүрдэнэ гэж харж байна” гэсэн юм.