Өчигдөр Монгол-Японы төв дээр "Хэрэглэгч vs Өрсөлдөөн" сэдвийн хүрээнд "Алтан тариа ХХК"-ийн захирал П.Цэнгүүн лекц тавьж, индэр дээрээс байр сууриа илэрхийллээ. Тэрбээр төрөөс бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дур мэдэн оролцохыг эсэргүүцсэн юм. Ингэхдээ "Барууны либерал үзэл, төрийн оролцоог минимал түвшинд барья" гэсэн санааг гаргав.
Тэрбээр, Бизнес эрхэлэгчид өөрсдөө үнэ ханшаа тогтоомоор байна. Монголын хувьд шударга өрсөлдөөний эсрэг дүрэм үйлчилж, худалдааг хааж, боосон, өрсөлдөөнийг хорьж хэрэглэгчдийг сонголтгүй болгодог. Өөрөөр хэлбэл зөвхөн хямд үнийн төлөөх зарчмаар явдаг нь асуудал болоод байна. Төр орлогын тэгш байдлыг ярьдаг ч өөрсдөө хамгийн тэгш бус байдлыг бий болгодог. Монгол улсын иргэдийн 40 хувь нь ядуу байна. Энэ байдлыг хэдэн арван жил ярьсаар 1 сая 200 мянган хүн одоог хүртэл ядуу амьдарч байна шүү дээ. Төв банк буюу төр, мөнгө болон инфляцыг бий болгоод бусдаас бурууг хайн, өөрсдөө гэмгүй царайлж нийгмийг хуурах гэж оролдож байгаа нь хамгийн харгис, ёс суртахуунгүй үйлдэл юм. Ёс суртахууныг юугаар хэмжих вэ гэхээр, хэн нэгнийг золиослоод чи мөнгө авч байгаа нь бүхэлдээ ямар ч ёс зүй байхгүйг илтгэнэ.
Шударга өрсөлдөөн гэдэг зүйл байсан цагт үйлдвэрлэгч, худалдаачид нар хэрэглэгчдэдээ аюултай, чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлсэн бол өөрөө өрсөлдөөнөөс хасагдаад явна. Харин үүнийг төрийн оролцоо аль аль талаас нь хохироодог. Энэ дээр нэг жишээ дурдахад, эрүүл мэндийн салбар, технологийн салбар нь аль ч улсад байдаг. Үүнээс хамгийн их төрийн оролцоотой нь эрүүл мэндийн салбар юм. Энэ салбарын үйл ажиллагааг төрөөс хуулийн хүрээнд зохицуулдаг. Улмаар эрүүл мэндийн салбарын үйлчилгээ, бүтээгдэхүүний үнэ жил бүр өсөж байна.
Харин IT, технологийн салбар болох Iphone, Samsung гэх мэт брэндэд төрийн оролцоо бага.
Тийм ч учраас өрсөлдөөн нь илүү ширүүн, шинэ инновац бүтээгдэхүүн их гарч ирдэг. "Apple компани" сайн ашиг хийж байгаа. Тэр ашгаараа жил бүр шинэ бүтээгдэхүүн гаргадаг. Тэнд төрийн зохицуулах оролцоо огт байхгүй. Тиймдээ ч хаана төрийн оролцоо, төрийн зохицуулалт байгаа, тэр газар бизнес явуулах нөхцөл маш бага байна. Амжилтанд хүрье гэвэл авлига өгөх л арга бий. “Төр иргэнийг хамгаална гэдэг” нь хаана байгаа юм. Худлаа шүү дээ. Тийм зүйл байхгүй. Тэд чадахгүй. Тиймээс хэрэглэгчийг зальдаж, мэхлэж байгааг л төр илрүүлнэ гэхээс биш өрсөлдөөнөөр хэрэглэгчийг хамгаална гэдэг нь байх зүйл биш.