“Үрийн зулай үнэрлэх хувь надад дутсан. Нас ахихын хэрээр хүнд хань, үр хүүхэд л бодогддог юм байна. Өөрийн гэсэн гэр оронтой, гэр бүлтэй болж, архинаас ангид, амар тайван амьдрахыг л хүсэж байна. Тэгэхийн тулд би архинаас гарч, өөрийгөө ялах ёстой. Сүүлийн гурван жил гаруйн хугацаанд би архи уугаагүй, огт амсаагүй” гэж буй түүнийг Дашнямын Тулгабаатар гэдэг. Багшийн дээдийн нүхэн гарцанд дуулдаг гэдгээр нь түүнийг хүмүүс илүү сайн мэднэ.
Соёлын тэргүүний ажилтан Д.Тулгабаатар мэргэжлийн дуу дуулаачдын улсын уралдаанд хоёр жил дараалан түрүүлж, цагтаа мандаж явсан уран бүтээлч. Бор дарсанд орж, хазгай гишгэсэн тэрбээр өнөөдөр гудамжинд дуулж, өөрийн гэсэн орон гэр, ойчих аягагүй яваадаа гутарч, харамсаж яваагаа хэллээ.
Д.Тулгабаатар “Би Ардын цэргийн дуу бүжгийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Бүх цэргийн дуу бүжгийн чуулга, Дархан хотын залуучуудын театр, Өмнөговь аймгийн театрт ажиллаж байсан. Мэргэжлийн дуу дуулаачдын улсын уралдаанд 1995, 1996 онд түрүүлж байлаа. Гавьяат жүжигчин Үнэнхүү, Ганбат нар миний гол өрсөлдөгч байв.
Хүмүүс “Сайхан дуулдаг” гээд намайг их дайлж, цайлна. Найр, наадмаас буцаагүй, онгироод явсан нь миний буруу. Түүнээс биш ард түмэн намайг архичин болгоогүй. Би өөрөө л архичин болсон.
Ерөөсөө надад нэг алдаа бий. “Би архичин болоогүй, архичин биш” гэж өөрийгөө өмөөрч явсан нь миний алдаа. Одоо би өөртөө үнэхээр их гутардаг, сэтгэлээр унадаг. Учир нь олны хайр, ивээлийг би дааж чадаагүй. Намайг гэсэн бүхнийг архи үргээсэн. Ойр дотнын, хайртай бүхнээ би ерөөсөө архиар сольчихсон байхгүй юу.
Би гурван удаа амьдрал зохиосон. Үр хүүхдийнхээ нөмөр нөөлгөнд гоё амьдрах сан гэж боддог. Даанч бурхан надад хүүхэд заяагаагүй. Би үр тогтоох чадваргүй юм шиг байна лээ. Нэг байтугай нэлээд хэдэн хүүхэдтэй болох хугацаа өнгөрсөн үү өнгөрсөн. Тийм боломж байсан уу байсан. Даанч амьдрал ямар санаснаар болох биш дээ.
Би өөрийн гэсэн орох орон, ойчих аягагүй хүн. Малгай тавьбал манайх гээд л хоноод явж байдаг. Яг энэ амьдралаар, ийм хэмнэлээр бараг 17 жил амьдарч байна.
Хүн уруудахад бусдын мөс чанар танигддаг юм билээ. Намайг уруудахад өмнө нь сайхан найзалж, нөхөрлөн, хүрээлж байсан хүмүүс шууд зайгаа барьсан. Хараад л шууд зугтаадаг. Энэ хорвоо шал хуурамч. Энэ хорвоо бол зүгээр үдлээд буцах дэн буудлын газар.
Хүмүүс бид нэг нэгнээ хайрлах учиртай биз дээ, уг нь. Үнэхээрийн найз нөхөр юм бол намайг ядарч явахад яагаад туслахгүй байгаа юм. Надад заавал туслах, би туслуулах албагүй л дээ. Зүгээр л зугтахгүй уулзаад, өмнөх шигээ харилцаад “Миний хөгжин яаж байна, ийж байна” гээд мэндтэй явбал би баярлана шүү дээ.
Мэдээж хүн л болсон хойно би архи уугаад ингэж амьдрахыг хүсдэггүй. Өөрийн гэсэн гэр оронтой, юм, юмтай амьдрахыг хүсэлгүй яах вэ. Сайхан амьдарч, сайн явахыг л үнэхээр их хүсдэг. Миний ганц зорилго бол энэ.
Би ард түмнийхээ буянаар өдий зэрэгтэй яваа. Монголын ард түмэндээ би баярлаж явдаг.
Би архи уухгүй байж чадна. Одоо архи уугаагүй гурван жил гаруй болж байна. Өнгөрсөн хугацаанд огт амсаагүй. Хүмүүс архи өгөхөөр нь “Үгүй, үгүй. Би уухгүй” гээд шууд хэлдэг.
Би өөрийнхөө олсныг бусадтай хуваалцаад явах дуртай. Гудамжинд яваа, ядруу нэгэнд “Май, хоол аваад идчих” гээд олсноосоо хуваалцдаг. “Чи шартаад явж байгаа юм уу. Шарыг чинь тайлаад өгье” гэдэг. Ингээд л явах сайхан. Тэгдэг болоод ч тэр үү архи уудаг хүмүүс намайг их хүндэлдэг.
“Чи надад тийм юм өгөөч, ийм юмаар туслаач” гэж би бусдаас хэзээ ч гуйж байгаагүй. Хөдөлмөрлөөд олсон мөнгөө амьдралдаа хүргээд явахыг хүсдэг.
Гудамжинд хүн архи ууж болно. Ядруу явж ч болно, хүний л амьдрал. Ямар ч ядарсан хүнд савангийн мөнгө олддог л байхгүй юу. Тиймээс өөртөө арчаатай, цэвэрч байх хэрэгтэй. Хоёрдугаарт, соёлтой явах хэрэгтэй. Тийм биз дээ. Би л нэг гудамжны хүн, гуйлгачин гээд муухай үнэртүүлж, элдэв авир гаргах зохисгүй санагддаг.
Хүний сэтгэлд нэг ийм оч байдаг байхгүй юу. Гудамжны ямар ч хүн “Сайхан амьдарчих юм сан” гэж боддог. Даанч тэдэнд тэгэх боломж байдаггүй. Ядахдаа ажил олоод хийе гээд нэг газар очиход “Чи архичин” гээд ажилд авдаггүй. Би одоо архи уухгүй байгаа, цэвэр хувцаслахыг эрхэмлэж явна. Намайг бол ажилд авна. Гэхдээ ажил хийх хүсэл, сонирхол надад байхгүй. Өөрийн эрхээр, дураараа ингээд л явах надад сайхан.
Манай монголчуудын зарим нь намайг гуйлга гуйхын тулд дуулдаг гэж андуурдаг. Үнэндээ тийм биш. Би өөрийнхөө хэмжээнд урлагийн сайхныг бусдад мэдрүүлж, түгээж яваа. Хажуугаар зөрсөн хүмүүс миний хоолойг сонсоод кайф аваад, “Ямар гоё юм бэ. Их баярлалаа” гэхэд надад сайхан санагддаг. Сайхан сэтгэлтэй хүмүүс “За, баярласан шүү. Тулга аа, ёстой гоё шүү чи” гээд мөнгө өгдөг. Хүмүүсийг баярлуулаад, сайхан дуу дуулж өгөөд явах нь миний хувьд аз жаргал.
Залуустаа хандаж хэлэхэд, бар ресторан битгий хэс. “Архичин биш” гэж байгаад архинд живчихдэг юм шүү. Миний Монголын залуучууд архинд битгий ороосой, муу муухай юмнаас хол яваасай. Эхнэр, хүүхдээ хайрлаж, сайн сайхан яваасай л гэж би хүсэж байна. Над шиг битгий болоорой гэж залуустаа чин сэтгэлээсээ захья” гэлээ.