Олон нийтийн сүлжээнд хонжворт сугалаа явуулах гэж байгаа тохиолдолд Сангийн яамнаас зайлшгүй тусгай зөвшөөрөл авах шаардлагатай. Үгүй бол энэ нь хууль зөрчсөн үйлдэл болно. Эд мөнгөний хонжворт сугалааг хууль бусаар явуулсан иргэнийг 20 нэгж буюу 20 мянган төгрөгөөр, ААН байгууллагыг 200 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай. Хуулийн энэ зохицуулалтаа чангаруулахгүй бол энэ мэт асуудлууд даамжирсаар байх талаар хуульч Б.Түвшинтөгс хэллээ.
Тэрбээр, “Хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсан иргэн, ААН байгууллагууд улсдаа татвараа төлөөд, үйл ажиллагаагаа явуулах ёстой. Зөвшөөрөлгүй явж байгаа хүмүүс татвар төлөхөөс зайлс хийж, хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг. Энэ асуудал хяналтаа алдаад байгаа.
Зөвшөөрөлгүй хонжворт сугалаа явуулсан үйлдлийг зөрчлийн тухай хуулиар зохицуулдаг. Ингэхдээ иргэнийг 20 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр, хуулийн этгээдийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгодог. Хүмүүс хуулийн тусгай зөвшөөрлөөр сугалаа явуулдаг гэдгийг мэдэхгүй байна. Хоёрдугаарт хүлээлгэх хуулийн хариуцлага нь хэтэрхий бага учраас хуулийн заалтыг тоохгүй байна. Хүмүүс эд мөнгөний хонжворт сугалаанд оролцохдоо судалгаа хийх хэрэгтэй. Ядаж л гүүгл дээр хайлт хийгээд эд мөнгөний хонжворт тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг газруудыг мэдэх нь чухал юм” гэлээ.
Бид иргэдээс ямар нэгэн хонжворт сугалаанд оролцдог эсэх, үүнийг зохион байгуулахад, тухайн байгуулла заавал тусгай зөвшөөрөл авах ёстой мэддэг эсэх талаар тодрууллаа.
ИРГЭД…
- Угаас хуулиар зөвшөөрсөн зүйл болохоор хорих арга байхгүй. Ганц нөхцөл нь татвар өндөр байх хэрэгтэй. Татвар өндөр бол хүмүүс шуналд автаж, хэрэгтэй хэрэггүй зүйл хийхгүй. Сугалаанд оролцох гэж байвал, өөрсдөө хуулийн дагуу зүйл шаардаж, шалгаж байх хэрэгтэй юм. Нөгөө талд хэрвээ нэгэнт зөвшөөрөлгүй зүйл хийж байгаа бол хариуцлагаа хүлээх л ёстой. Гол асуудал нь хуулиа дээдлэхгүйд л байгаа юм.
- Миний хувьд сугалаанд итгэдэггүй болохоор оролцож байгаагүй. Итгэж байгаа хүмүүс боливол таарна. Хонжворт сугалаа явуулах бол тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай шүү дээ. Олон нийтийн бухимдаад байгаа нь хууль зөрчсөнд л байгаа. Хонжворт сугалааны хяналт угаасаа суларчихсан. Хуулийг нь чангалах хэрэгтэй гэж боддог.
- Аливаа зүйлийг дүрмийн дагуу хийсэн нь дээр. Ард түмнээ шулах хэрэггүй шүү дээ. Торгуулийн мөнгө маш бага байдаг юм билээ. Үүнийгээ сайжруулбал ийм асуудал бага гарах байх гэж бодож байна.
Энэ асуудалтай холбогдуулан цагдаагийн ахмад Г.Анар ярихдаа, "Цахим орчинд энэ төрлийн үйл ажиллагааг хэн дуртай нь явуулж байгаа нь хууль бус юм. Эхлээд багахан хэмжээний мөнгө цуглуулж, багахан хэмжээтэй зүйлсээр азтан шалгаруулдаг байсан бол энэ нь даамжраад гар утас, мөнгөн эдлэл, сүүлдээ байр, машин, хурдан удмын адууны хонжвор хүртэл явагддаг болжээ. Манай иргэд ч амар хялбар аргаар мөнгөө үржүүлээд авах сонирхолдоо хөтлөгдөж байна. Цахим орчинд лайваар азтан шалгаруулахад азтаныг хэрхэн шалгаруулж байгаа үйл явцыг нь та хянах боломжгүй байдаг.
Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль” гэж бий энэ хуулиар Монгол Улсад явуулахыг хориглосон үйл ажиллагааг зааж өгсөн байдаг, мөн зарим төрлийн үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу явуулах ёстой байдаг.
Тэгвэл энэ хуулийн 15.4.4 хэсэгт “Эд мөнгөний хонжворт сугалаа явуулах“ хэмээн тодорхой заасан байгаа. Тэгэхээр хуулийн хүрээнд бол дурын нэг иргэн фэйсбүүк, сошиал орчинг ашиглаж сугалаа явуулах боломжгүй.
Үүнээс гадна хонжворт сугалаа гэдэг нь тодорхой нарийн шалгууртай. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулахын тулд Сангийн яамнаас зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Харин тус яамнаас зөвшөөрөл авахын тулд тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой.
Үүнд:
- Сугалааны үйл ажиллагаа эрхлэх төсөл
- Тухайн байгууллага өөрийн үйл ажиллагаанд аудит оруулж санхүүгийн тайлан хийлгэсэн байх
- Татварын албанаас өр төлбөртэй эсэх талаар лавлагаа
- Санхүүгийн чадвартай байх
- Сугалаа гаргаснаар ямар хэмжээний борлуулалт хийж, ашиг олох талаарх судалгаа
- Баталгаажуулсан тасалбарын хэмжээ гэх мэт маш нарийн шалгууртай байдаг. Харин цахим орчинд явуулж буй дээрх сугалаанууд эдгээр шалгуурын нэгийг нь ч хангаагүй байдаг" гэлээ.