Аливаа бизнесүүд нийгэмдээ үнэ цэн, өв үлдээхийг зорьж ажилладаг. Бид энэ удаа дэлхийн томоохон брэндүүд нийгэмдээ ямар үнэ цэн үлдээх, алсын хараатай ажилладаг талаар Премьер Тэйлор ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Т.Зоригтой ярилцлаа.
Загварын салбарт арван жилийн хугацаанд тууштай ажилласан түүнтэй бид зургаан жилийн өмнө ярилцаж байсан юм. Энэ хугацаанд тэрбээр бизнесээ өргөжүүлж зургаан дэлгүүртэй болж амжжээ.
-Та “Бизнес өрөг” нэвтрүүлгийн анхны дугаарт оролцож байсан. Тэр үеийн бизнесээс одоо бизнес нь нэлээн өргөжин тэлсэн харагдаж байна. Одоо хэдэн компанитай, хэдэн ажилтантай, ямар брэндүүдийг оруулж ирж байна вэ?
-Урьж оролцуулж байгаад баярлалаа. Зургаан жилийн өмнө “Бизнес өрөг” нэвтрүүлэгт анхны зочин болж орсондоо маш их баяртай байдаг. Нэг салбарт тууштай зүтгэсний үр шимээ хүртээд, одоогоор зургаан дэлгүүртэй үйл ажиллагаагаа явуулж байна. Зургаан жилийн өмнө дан ганц Премьер Тэйлор ХХК-тай байсан. Түүнээс хойш Италийн тансаг зэрэглэлийн ISAIA брэндийг албан ёсны эрхтэй оруулж ирсэн. Мөн Shangri-la Мall-ын нэг давхарт байрлах “Multi-brаnd” concept дэлгүүрийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Эдгээр дэлгүүртээ бид дэлхийн томоохон брэндүүд болох Gucci, Dior, Balenciaga, Сeline, YSL, Dolсe & Gabbana, Moncler, Clive Christian, Loewe зэрэг есөн брэндийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирж худалдаалж байна. Ame concept дэлгүүр нь эмэгтэйчүүдэд зориулсан, Quinto concept дэлгүүр нь эрэгтэйчүүдэд зориулсан дэлгүүр юм. Мөн бид энэ онд гоо сайхны салбарт хүч үзэхээр Estée Lauder Group-ийн "Mac Сosmetic"-ийн Mono брэнд дэлгүүрийг албан ёсоор нээн ажиллаж эхэлсэн байгаа.
– Премьер Тэйлор ХХК анх байгуулагдахад, захиалагчийнхаа хэмжээг нь аваад, хослолыг нь солонгост оёулдаг байсан. Яагаад заавал солонгост оёулдаг юм бол? Монголд сайн оёдог оёдолчин байхгүй байна гэсэн үг үү? Солонгос улсаас материалаа оруулж ирээд өөрсдөө оёх боломж бий юу?
– Хослол бол хувцасны хаан гэж ярьдаг. Хослолыг оёход маш хэцүү. Сонирхуулж хэлэхэд 65 жилийн түүхтэй ISAIA брэндийн үйлдвэрээр дээл оёуулж үзэхэд хангалттай сайн гүйцэтгэлтэй оёж чадаагүй. Бид оёулахаар явуулж үзсэн юм. Яг үүнтэй адилхан хослолыг бид өөрсдөө оёх амар зүйл биш. Дэлхий дээр хослолыг Итали, Англи, Франц, Испани зэрэг орны оёдолчид үнэхээр сайн хийдэг. Азид бол Солонгос, Японыг дурдаж болно.
Одоо бол бид Премьер Тэйлор дэлгүүр дээрээ зөвхөн Солонгост биш, арай илүү өндөр хөлс төлөөд, Италид оёулах боломжийг хэрэглэгчиддээ олгож байгаа.
АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙ КОМПАНИУДААС ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ НЬ ЁС ЗҮЙТЭЙ БИЗНЕСИЙГ ДЭМЖИЖ БУЙН ХЭЛБЭР
-Томоохон брэндүүдтэй хамтарч ажиллахад ямар шалгууртай байдаг юм бэ? Нэг брэндийг оруулж ирэх үйл явц, хугацаа нь хэрхэн өрнөдөг вэ?
– Анх Премьер Тэйлор ХХК-г нээхэд 22 настай байсан. Тухайн үед миний мөрөөдөл бол Gucci брэндийг Монголдоо оруулж ирэх байлаа. Түүний төлөө зургаан жил зүтгэсэн байна.
Эдгээр брэнд бол үнэхээр топ, үнэ цэнтэй. Үүнийг оруулж ирэх амар ажил биш. Сонгон шалгаруулалт нь үнэхээр хэцүү. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр, 15 жилийн өмнөөс LV орж ирээд, тэрнээс хойш маш олон компаниуд, хувь хүмүүс Gucci, Dior, Balenciaga гээд энэ бүх брэндийг оруулж ирэхийг хүсэж байсан. Яг манай компанийн хамт олон байгуулагдсанаасаа хойш энэ салбарт мөрөөдлөөрөө зүтгэж явсан учраас эдгээр том брэндүүтэй хамтарч ажиллаж чадсан гэж боддог. Манайх долоо наймхан ажилтантай байх үедээ л тэдэнтэй хамтарч ажиллаж эхэлсэн. Монголоос групп компаниуд хүртэл санал тавьж байсан шүү дээ.
ДЭЛХИЙН БРЭНДҮҮДТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХ ХӨШҮҮРЭГ НЬ БИД ЗОРИЛГЫНХОО ТӨЛӨӨ НЭГ СЭТГЭЛЭЭР ЗҮТГЭСЭН
– Гэвч тэд групп компанийг биш, загвар хүсэл сонирхол, зорилго өвөртөлсөн жижиг компанийг сонгож байна гэхээр шалгуур их өвөрмөц юм. Тийм үү?
– Загварын салбар бол бүтээлч, урлагийн салбар. Тэр хүмүүс юу харж байна гэхээр , мөнгөнөөс илүү байгууллагын хамт олны хүсэл эрмэлзэл, зорилгыг нь хардаг. Энэ бүхнийг хангасан компани манай брэндийг илэрхийлж, сурталчилгаа хийж чадах юм байна гэсэн дүгнэлтэд хүрдэг. Түрүүн хэлсэнчлэн энэ брэндүүд бол дэлхийн топ, үнэ цэнтэй 30 брэнд. Тэр үнэ цэнийг хадгална гэдэг нь маш чухал. Үүнийг хийж чадахуйц, загвар зорилгынхоо төлөө зүтгэж байгаа тийм хамт олныг сонгодог байх.
Тухайн үед бид Францын загварын зөвлөх компаниудаас зөвлөгөө авч ажиллаж байсан.
Нэг зүйлийг нэмж хэлэхэд, Christian Dior брэндийн бүтээгдэхүүн манай дэлгүүрт байдагт бахархдаг. Яагаад гэвэл бидний хамгийн сайн мэдэх NET-A-PORTER гээд олон улсын онлайн дэлгүүр байна. Энэ бол дэлхийн супер онлайн дэлгүүр. Энд хүртэл Christian Dior брэндийн бүтээгдэхүүнийг худалдаалдаггүй.
– Маш өндөр шалгуураар худалдаалах зөвшөөрлөө өгдөг гэж сонссон юм байна.
–Christian Dior бол үнэхээр топын топ брэнд. Манай Монголын Ame болон Quinto дэлгүүрт Christian Dior брэнд байгаа учир бид дэлхийн топ 100 “Мulti-brand”concept дэлгүүрт зүй ёсоор орно.
ХУЛХИ БАРААГ ТАНИХ ХЭЦҮҮ УЧРААС, АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙ БАЙГУУЛЛАГААР ҮЙЛЧЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
– Албан ёсны эрхтэй дэлгүүрээс худалдан авалт хийх, Instagram, facebook дээрх онлайн дэлгүүрээс авах хоёрын ялгаа юу вэ? Албан ёсны гэхээр арай үнэтэй юм шиг ойлголт байдаг шүү дээ. Үнийн хувьд зөрүүтэй юу?
-Загварын салбарт хулхи бараа их бий. Хулхи бүтээгдэхүүн гэдэг нь том асуудал. Ер нь бол хууль бус зүйл. Хулхи бүтээгдэхүүн хэрэглэж байгаа юу, үгүй юу гэдгээ батлах их хэцүү. Үнэхээр мэргэжлийн хүн биш л бол ялгах бараг л боломжгүй. Ийм ёс зүйгүй бизнесийг битгий их дэмжээсэй гэж хүсэж байна. Энэ бол загварын салбарын нэг том асуудал мөн. Үүнтэй бид тэмцэхийг хичээдэг.
– Яг анзаарах юм бол тэр хаягууд, жаахан удаж байгаад нэрээ сольчихдог юм билээ.
-Dior, Gucci гэх мэт брэндүүд яг дэлгүүр дээрээ хямдрал зарлахгүй. Гэхдээ department stote-ууд дээрээ зарлана. Ингэхээр Америкт байгаа нэг хүн хямдралын үеэр мянган долларын пүүзийг зургаан зуун доллароор аваад, энд ирээд, би мянган долларын пүүзийг найман зуун доллароор зарж байна шүү гээд, зараад байх магадлалтай. Нийт хэрэглэгчид, үзэгчдэдээ, хандаж саяны ярьсан ийм ёс зүйгүй бизнесүүдийг бага дэмжээч ээ гэж хэлмээр байна. Яагаад гэхээр манайх шиг маш олон компани байна л даа. Эдгээр компаниуд дан ганц бүтээгдэхүүн зарахаас илүүтэй, өөр маш олон зүйлд хөрөнгө оруулж байгаа. Дэлгүүрийн дотоод тохижилт, ажилчдын цалин, татвар, цаашлаад зүгээр нэг бүтээгдэхүүн зарахгүй, аль болох энэ загварын салбарыг хөгжүүлэх, нийгмийг боловсролтой болгох контент маркетинг гээд маш олон зүйлд хөрөнгө оруулдаг. Иймээс дүрмээрээ ажиллаж байгаа компаниудаа дэмжээч ээ гэж уриалж байгаа юм.
– Хэрэглэгч хамгийн эцсийн байдлаар сонголт хийхдээ үнийн дүнг харж байж шийддэг. Тэгэхээр үнийн хувьд хямдхан орж ирж чаддаг уу?
– Үнийг бол Европоос компаниуд нь хянадаг. Манай компани хийсэн нэг ололт нь юу вэ гэхээр бүх брэндүүдээ Европын EMАAR бүртгэл рүү оруулсан. Тэгэхээр манай үнэ Франц, Миланы Gucci дэлгүүрийн үнэтэй яг таардаг. Тайланд, Сингапур гэх мэт улсууд руу явахгүйгээр манайхаас авбал санхүүгийн хувьд хамаагүй хямд тусна. Иймээс гадны брэндүүдээ монголоосоо авах хэрэгтэй. Мэдээж үнийн харьцуулалтыг бол та хийж болно. Үнэхээр үнэ өртгийн хувьд боломжийн, дамлаж зардаггүй зөв бизнес хийж байгаа ковидын үед манай үнэ 2-4 хувь өндөр байсан бол ковидоос хойш тээврийн зардлаас хамаарч үнэ 8-10 хувиар өссөн. Азийн зах зээлд манайх хамгийн хямд худалдаалдаг. Солонгос, Сингапураас 15 хувь хямд, Америкаас 25 хувь хямд.
БРЭНД ГЭЖ ЯРИХААР “ҮНЭТЭЙ” ГЭЖ ОЙЛГОХОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ
-Хоёулаа брэндийн талаар нэлээн ярилаа. Ер нь брэнд, өмсөж байгаа хүндээ өгдөг үнэ цэн юу вэ? Би энэ брэндээр гангарч байгаа гэж өөрийнхөө зэрэг зиндааг тодорхойлж байгаа юм уу. Эсвэл өөр зүйл бий юу?
-.Брэнд гэхээр хүмүүс дандаа тансаг зэрэглэлийн үнэтэй зүйл гэж бодоод байдаг. Тэгж ойлгож болохгүй. Хямд, дунд зэргийн, өндөр үнэтэй гээд олон сонголтууд байгаа. Манай компанийн хувьд өнөөдрийг хүртэл тансаг зэрэглэлийн салбарт нь л ажилласан хэрэг.
Хувцсаар хүн өөрийгөө илэрхийлж болдог. Өөрийгөө яаж илэрхийлмээр байна гэдэг нь таны сонголт. Магадгүй та брэндийн хувцас өмсөж баян харагдмаар байвал, хувцас танд энэ хүчийг өгч болно.
Нөгөө талаас авч үзвэл брэнд гэдэг зүйлийн ард чанар, өмсгөл яригддаг. Яагаад гэхээр энэ бүтээгдэхүүнүүд үнэтэй байгаа шалтгаан нь сайн материал ашиглаж байгаа, сайн ажилчид, оёдолчдыг ажиллуулдаг гэх мэт зүйлс дагалдана. Чадварлаг ажилчид байна гэдэг нь өмсгөл хийц, чанарын хувьд брэнд хувцасны шаардлагыг хангаж байна гэсэн үг. Гэхдээ брэнд гэдэг зүйл маш чухал. Ямар ч тохиолдолд. Магадгүй та өнөөдөр таван мянган төгрөгөөр цамц аваад аз жаргалтай байж болно. Гэхдээ түүнийг хямд байлгахын тулд Вьетнамд 13 настай хүүхэд үйлдвэрт ажиллаж, хөдөлмөрөө мөлжүүлж, мөн энэ улаан өнгийг гаргахын тулд хортой бодис ашиглан гол далайг бохирдуулж байж таны гар дээр хямдхан очиж байгаа юм шүү. Сонголт таны гарт байгаа. Гэхдээ аль болох брэнд, компанийн бүтээгдэхүүнүүдийг сонго. Брэнд өмсөхийн гол утга нь л тэр. Түрүүн хэлсэнчлэн ёс зүйтэй бизнесийг дэмжиж байгаа хэлбэр гэсэн үг.
Та нийгмийн хариуцлагатай сайн харагдмаар байвал хувцас танд тийм зүйлийг өгч болно. Сүүлд аргентины нэг брэнд байсан. Нэг углааш авбал нэгийг тухайн улсын ядуу хүүхдүүдэд өгдөг. Тэр гутлыг өмсөж байгаа хүн 200 долларын гутал өмссөн байна гэдгээ харуулмаар байгаа юм уу. Авсан гутлын нэг нь Аргентины хүүхдэд очсон гэдэгт сэтгэл хангалуун байгаа юм уу. Тэгэхээр брэнд гэдэг зүйлийн ард олон зүйл байна. Тансаг зэрэглэлийн брэнд өмсөөд байна гэдэг нь нэг их лаг мөнгөтэй, түүнийгээ харуулах гээд байгаа гэсэн үг биш. Боломж нь байгаа тохиолдолд нийгмийн хариуцлагатай сонголт хийж байгаа юм.
-Сүүлийн жилүүдэд хувцас хэрэглэлийг байгальд ээлтэй органик материал ашиглаж хийх нь түгээмэл болсон харагддаг. Энэ чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
-Хямд, чанаргүй материал бол байгальд шингэдэггүй. Хүнсээр зүйрлэвэл органик бүтээгдэхүүн үнэтэй байдаг шүү дээ. Яг үүнтэй адилхан органик материалаар хийсэн хувцас илүү чанартай, үнэтэй байна гэсэн үг. Брэнд өмсөж байгаа хүмүүс дан ганц баян мөнгөтэй харагдахыг хүсдэг юм биш. Үүний цаана маш том хөрөнгө оруулалтыг нийгэмдээ шингээж буй гэсэн үг.
-Нээрээ л хямд авсан хувцсаа гамнаж өмсдөг нь ховор шүү дээ.
-Би Монголд массын зах зээлийн брэндүүд орж ирээсэй гэж хүсэж байна.Nike,Аdidasгэдэг хулхи логотой подволкыг зах дээрээс тав, арван мянгаар авч байснаас Америк, Францын чанартай хямд брэндийг оруулж ирээд зарах нь хэрэглэгчдэд болон байгальдаа ээлтэй.
Энэ мэтчилэн хямд брэндүүд монголд орж ирээгүй болохоор, брэнд гэхээр хэт үнэтэй зүйл мэтээр олон нийт хүлээж авдаг. Үүнийг төр засгаас дэмжээд, гааль татварын бодлого дээрээ тодорхой хэмжээнд анхаараад өгөөсэй гэж боддог.
-Танай хамт олны хувьд загварын салбарт ажиллах маш их туршлага хуримтлууллаа. Өөрсдөө монгол брэнд бий болгоё гэж зорьдог уу?
-Би өөрөө дизайнер хүн биш. Тийм болохоор өөрийгөө загвар гаргаад гадагшаа гаргаж зарна гэдэгтээ итгэл муутай байна. Гэхдээ монголын гадагшаа гарахаар зорьж байгаа брэндүүдийг шат ахихад дэмжих хүсэлтэй. Монгол брэнд үйлдвэрлэж буй компаниуд гадагшаа гарахад, нийгмийн хариуцлага гэдэг зүйлийг ухамсарлаж, гадаад зах зээлийг маш сайн судлах хэрэгтэй гэж боддог.
Манай хамт олон алсыг харж энэ бизнесээ хийж байгаа учраас шунал гэдэг зүйл байхгүй. Энэ салбарыг гоё сайхан болгох гэсэн хүсэл эрмэлзэлтэй ажиллаж байна.