Гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг НЦУГ-ын дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав танилцууллаа.
Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 13,940 гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногоос 8.3 хувиар буурсан үзүүлэлт. Гэмт хэргийн шинжтэй 2714 гомдол, мэдээлэл хүлээж авсан нь 4.2 хувиар буурсан. Хүний амь хохирсон дуудлага, мэдээлэл 17.1 хувиар өссөн байна. Хулгайлах, залилах гэмт хэргийн дуудлага мөн өссөн. Дээрх хугацаанд 7692 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3.7 дахин өссөн үзүүлэлт. Эргүүл, хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлсэнтэй холбоотойгоор зөрчлийн илрүүлэлт сайжирсан. Зөрчил гаргасан 7327 хүнд торгуулийн арга хэмжээ авч, 750 хүнийг эрүүлжүүллээ. 14 хоногийн хугацаанд 803 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 17.6 хувиар буурсан” хэмээв.
Сүүлийн гурван жилийн хугацаанд приус маркийн автомашины нүүрсэн яндан алдагдсан 234 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар ийм 21 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 17-г нь илрүүлж, нүүрсэн яндан хулгайлдаг дөрвөн бүлгийн 45 хүнийг баривчилжээ. Нүүрсэн яндангүй тээврийн хэрэгсэл нь яндантай тээврийн хэрэгслээс нүүрстөрөгчийн дутуу ислийг 4.5 дахин их хэмжээгээр ялгаруулж байгаа нь тогтоогдсон байна. Иймд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн НЦУГ-ыг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран холбогдох арга хэмжээг авч, шийдвэрлэхийг үүрэг болгов.