Жирэмсэн эмэгтэйчүүд төрөх бэлтгэлээ хангалттай хийгээгүйгээс шалтгаалан өөрт болон урагт эрсдэл үүсгэж байдаг. Гэнэт өвдөөд ирэхэд өөрийг тань үзэж, хянаж байсан эмч таарахгүй учраас бичиг баримт, хувийн бэлтгэлээ сайтар хангаж, эртнээс төлөвлөж төрөхдөө бэлдэх шаардлагатай байна. Төрөх бэлтгэлээ хэрхэн хангах, юу юу бэлтгэх талаар ЭХЭМҮТ-ийн Нөхөн үржихүйн зөвлөх клиникийн эрхлэгч Я.Хишигсүрэнгээс тодрууллаа.
-Жирэмсэн эмэгтэйчүүд төрөх бэлтгэлээ хэр бэлдэж ирдэг вэ?
-Хүн бүр бүх бэлтгэлээ хангаж ирнэ гэж байхгүй. Өөртөө анхаарал тавьдаг, хариуцлагатай эмэгтэйчүүд бүх хэрэгтэй зүйлсээ маш сайн бэлдэж ирдэг. Харин юу ч үгүй ирдэг, хэнэггүй, хариуцлагагүй эмэгтэйчүүд ч олон. Ганц ч шинжилгээ өгч байгаагүй, жирэмсний үзлэгт ороогүй, тэмбүү зэрэг өвчтэй хүмүүс шөнө ирээд, төрөх тохиолдол цөөнгүй бий.
Сүүлийн үед 14-18 настай өсвөр насныхан их жирэмсэлдэг болсон. Гэр бүлийнхэн нь бараг эмчтэй хамт мэдээд л шууд авч ирдэг. Ямар ч шинжилгээ өгөөгүй, өөрөөр хэлбэл ямар өвчтэй, хэдэн сартай, хүүхэд нь хэвийн эсэхийг ч мэдэхгүй ирэх тохиолдлууд байна. Энэ нь ихэвчлэн эцэг эхтэйгээ хамт амьдардаггүй, хөдөө орон нутгаас ирж, дотуур байранд амьдардаг оюутнууд, эцэг эх нь анхаарал хандуулдаггүй хүүхдүүд байна. Жирэмсэн болчхоод хэнд, яаж хандахаа мэдэхгүй, нууж явсаар өөрийгөө болон хүүхдээ аюултай байдалд оруулдаг. Бэлгийн боловсрол, мэдлэгтэй болгох, эцэг эхчүүд болон багш нар мэдээлэл өгөх, санаа зовохгүй ээж, эгчдээ ч юм уу хэлдэг болмоор байна. Үүнд анхаарал хандуулахгүй бол ийм тохиолдол цөөнгүй байна.
Хүн хүүхдээ 280 хоног тээдэг. Анхны төрөлт 16-18 цаг, давтан төрөлт 8-12 цаг өвдөнө. Гэнэт байж байгаад л төрдөггүй учраас жирэмсэн эмэгтэйчүүд маш сайн төлөвлөж, хэрэгтэй зүйлсээ бэлдэх хэрэгтэй. “Би хаана төрөх, юу бэлдэх ёстой, хаагуур орох билээ” гэдгээ сайн төлөвлөх ёстой. Машиндаа төрлөө, түргэн очиход гэртээ төрсөн тохиолдол цөөнгүй. Өөрийн хэд дэх төрөлт, хэр эрсдэл, хүндрэлтэйгээ тооцоолж, баримжаалаад эмнэлэгт эртхэн ирэхэд гэмгүй.
-Төрөхөөр ирэхдээ юу юу авч ирэх ёстой вэ?
-Төрөхөөр ирэхдээ бичиг баримтын хувьд, иргэний үнэмлэх, жирэмсний хяналтад байсан эмчийн тэмдэглэл, архаг, хууч өвчтэй бол өвчний, эмчилгээний түүх, карт заавал авч ирэх.
Жирэмсний хяналтад байсан эмч солилцох хуудас 32 дахь долоо хоногт өгдөг. Энэ нь жирэмсний хугацаанд болсон бүх зүйлийг товч тэмдэглэсэн байдаг учраас яаралтай, өвдсөн үед мэдээллийг хурдан авах зорилготой. Тиймээс заавал авч ирэх шаардлагатай. Онцгой заалттай хүн бол зөвлөгөөний дүгнэлт, протокол авч ирэх шаардлагатай.
Мөн хувцасны хувьд, өвдөлт өгсөн үед доод хувцаснууд их солих шаардлага гардаг. Тиймээс доогуур өмсөх хувцас аль болох олныг авч ирэх шаардлагатай. Төрөх өрөө дулаахан учраас хэт зузаалах шаардлагагүй. Дулаан оймс, зөөлөн ултай таавчик хэрэгтэй. Эмнэлэгт байгаа учраас цайвар өнгийн хувцас өмсвөл тохиромжтой.
Төрсний дараа памперс хэрэгтэй. Эмч нь дахин дахин үзэж, хянадаг учраас наадаг памперс илүү тохиромжтой.
Мөн төрөлт удаан үргэлжилдэг учраас их ядарна. Тиймээс амархан шингэхүйц ус, ундаа, хоол бэлдэж ирнэ. Хүмүүс өвдөөд эхлэнгүүт бүх хоолоо сойгоод эхэлдэг. Удаан өвдөх үед хоолгүй бол ямар ч хүчгүй болно. Тиймээс юм идэж, уугаад, ойр ойрхон шээх хэрэгтэй. Амттай, цусны сахарыг түр хугацаанд ихэсгээд, хүнийг сэргээдэг хүнс байвал тохиромжтой.
Их ээмэг, бөгж, аксессуар авч ирээд хэрэггүй, гэртээ үлдээгээрэй. Гар утсаа сайн цэнэглээд, цэнэглэгчээ бэлдэж ирээд гэрийнхэндээ ямар байгаагаа ойрхон хэлээд байвал сайн.
Видеог дээрээс үзнэ үү.