Бид энэ удаа Монголын оюун ухааны академийн тамирчин Б.Мишээлийг онцоллоо. Түүний хувьд түргэн бодолтын улсын хэмжээний олон тэмцээн уралдаанд оролцсоноос, улирал дараалан дөрвөн удаагийн тэргүүн байр эзэлсэн байна. Долоон наснаасаа түргэн бодолтын төрлөөр хичээллэж эхэлсэн тэр, тууштай байсны үр дүнд, гуравхан жилийн дотор, олон цом, медалиар энгэрээ мялаажээ. Тамирчин Б.Мишээл зөвхөн өргөмжлөл цомоор шагнуулахаас гадна, энэ хугацаанд өөрт хэрэгтэй, цаашдын амьдралд нь тустай олон гайхалтай зан чанарыг төлөвшүүлж чадсан талаараа ярьсан юм.
ХЭЦҮҮ САНАГДСАН УЧРААС ИЛҮҮ ИХ ХИЧЭЭХИЙГ ХҮССЭН
Тэрбээр, “Би анх хоёрдугаар ангид байхаасаа түргэн бодолтын спортоор хичээллэж эхэлсэн. Одоо арван настай. Хичээллэж эхлэхэд тун амаргүй байсан юм. Шантармаар, залхуурмаар, үүнийг хэзээ ч сурч чадахгүй юм шиг санагддаг үе их байсан. Гэхдээ ээж, аав, багшийнхаа тусламжтайгаар тууштай байж чадсан. Надад хэцүү санагдсан болохоор илүү их тууштай хичээллэхийг хүссэн ч байж магадгүй. Би аливааг их удаан сурдаг хүүхэд байсан. Харин одоо бол юмны логик дараалал зэргийг ажиглаж байгаад хурдан ойлгодог болсон. Энэ гурван жилийн хугацаанд миний сурлагын дүн ахиж, сурах арга барилаа сайн эзэмшсэн. Одоо миний дараагийн алхам бол, ой тогтоолтын төрлөөр хичээллэж өөрийгөө улам хөгжүүлэх явдал юм. Энэ хүртэл намайг дэмжиж байсан гэр бүл, найз нөхөд, багш нартаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлмээр байна” гэв.
Харин бид түүний багш Д.Мөнхзаяагаас ой тогтоолт, түргэн бодолтын спортоор хичээллэхийн давуу тал болон тамирчин Б.Мишээлийн хувь хүний хөгжилд, түргэн бодолтын төрөл ямар эерэг үр дүн авчирсан талаар тодрууллаа.
Тэрбээр, Сурагч маань аливааг маш няхуур хүлээж авах чадвартай болсон. Баргийн зүйл дээр барьц алдахгүй. Маш сайн тэсвэр хатуужлыг өөртөө суулгасан. Улсын хэмжээний том тэмцээний шалгаруулалтын дүн зарлаж байхад, Мишээл маань номоо уншаад сууж байх жишээтэй. Наана нь түүний ээж бид хоёр өмнөөс нь сандраад, шагнал гардах мөчид нь уйлаад байж байдаг юм. Тэр сэтгэл хөдлөлөө удирдаж сурсан гэвэл онох байх.Түргэн бодолтоор хичээллэхийн нэг давуу тал нь энэ.
Түргэн бодолт, ой тогтоолтын спортоор хичээллэх сонирхолтой хүмүүст хандаж хэлэхэд, суралцагч 1-99 хүртэлх тоогоо хаанаас нь ч асуусан мэддэг бас бичиж чаддаг байх хэрэгтэй. Учир нь тоогоор дамжуулан баруун тархины төсөөлөх үйл ажиллагааг идэвхжүүлэн дараах үр дүнд хүрэх юм. Хүүхдийн төсөөллийн хүчийг нэмэгдүүлэн тооцоололд хоёр тархины оролцоог хангаснаар хурдтай сэтгэж аливаа арифметик үйлдлийг төвөггүй тооцоолох чадвартай болно. Өөрөөр хэлбэл тооны машинаас хурдтай бодох дасгал болж байна гэсэн үг юм.
Хэрвээ та “Тооны машин байхад ийм сургалт байх шаардлагатай гэж үү” гэж боддог хүмүүсийн нэг бол буруу бодож байна. Энэ хөтөлбөрийн үндсэн зорилго нь зөвхөн хурдтай тооцоолол биш. Хүүхдийн ой тогтоолт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэсвэр тэвчээр, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, сурах арга барилыг эзэмшүүлэхэд чиглэсэн байдаг. Хурдтай тооцоолол хийж сурах нь эзэмшиж буй чадваруудынх нь нэг л хэсэг юм. Бусад чадваруудыг нь дурдвал,
- Хоёр тархины тэнцвэртэй хөгжил
- Үр дүнтэй сонсох чадвар
- Асуудлыг хурдан, зөв дүгнэн шийдвэрлэх чадвар
- Хурдтай математик тооцоолол
- Хүчирхэг төсөөлөл
- Хурдтай суралцах
- Хүчирхэг ой тогтоолт
- Өөрийгөө илэрхийлэх чадвар
- Оюуны өндөр чадамж
- Тэвчээр хатуужил
- Тууштай байх зэрэг олон суурь чадвараа хөгжүүлдэг