Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг УИХ баталсан. Ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тус хуулийг баталснаар иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд ноцтой хохирол учирч байгаа талаар олон нийт шүүмжилж байна.
Цахим орчинд хүний эрхийн хамгаалах тухай хуулийг цар тахлаас өмнө буюу 2020 оны намар ХЗДХЯ-наас боловсруулсан байдаг ч олон нийтэд мэдээлэл өгөлгүй явсаар энэ сард УИХ гуравхан хоногийн дотор, олон нийтээс “нууж”, хүч түрэмгийлэн баталсан.
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын твиттер хуудсандаа бичсэн мэдээлэл нь худал байжээ гэх асуудал хөндөгдөж эхлээд байна. Тодруулбал, сайд Х.Нямбаатар өнгөрсөн оны есдүгээр сарын 20-нд “Мета компанийн Төв Ази,Монгол,Хятадыг хариуцсан захирал ноён Жорж Чентэй уулзаж ХЗДХЯ-наас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, Мета платформын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо“ хэмээн хуулиа олон улсын хэмжээнд сурталчилж, хамтран ажиллаж буй гэх агуулгатай зүйлийг бичсэн байдаг. Гэтэл өчигдөр “Мета” компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен өөрийн твиттер хуудаснаа "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь хүний үндсэн эрх, Монголчуудын хувьд ч ижил. Х.Нямбаатар сайд бидэнд хуулиа урьдчилж танилцуулсан гэдэг нь худал. Парламент энэ хуулийн төслийг яарч батлахаас өмнө бид хуулийн төсөл болон хуулбарыг нь огт аваагүй. Батлагдсаных нь дараа л анх удаа харж байна" гэж бичжээ. Ингэснээр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар худал мэдээлэл түгээж, нийгмийн өргөн агуулгатай, иргэдийн эрхэнд халдсан хуулиа тооцоо судалгаатай боловсруулсан, олон улсын түвшинд хамтран ажилласан хэмээн олон нийтийг төөрөгдүүлсэн болж таарч байна.
Харин энэ асуудалд Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан П.Сайнзориг “Манай улсад ажиллаж буй төлөөлөгч гэх бүсгүй рүү тохиролцсоны дагуу хоёр ч удаа и-мэйлээр мэдээллээ хүргүүлсэн байдаг. Андуурсан юм болов уу даа” гэж бичжээ.