Улсын дээд шүүхэд Ардчилсан намын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийг бүртгүүлэх материалыг хүргүүллээ.
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Одоо ямар нэгэн хуулийн зөрчил байхгүй. АН-ын гуравдугаар сарын 30-нд батлуулсан шинэ дүрмийн дагуу Үндэсний бодлогын хорооны үүрэг АН-ын гол шийдвэрийг гаргадаг уураг, тархи болсон. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллага болсон. Энэ хүрээнд намын төлөөлөгчид оролцож, асуудлаа шийдсэн.
“Хэн нэгэн өөрийгөө дарга гэж бодоод, хууль дүрэм дээгүүр алхдаг байж таарахгүй. Хэн ч байсан хуульд захирагдах ёстой.
УИХ дахь АН-ын бүлэг Монголын төр дэх АН-ын төлөөлөл. Нөгөө талдаа Үндэсний бодлогын хороо нь нам талаасаа эрх бүхий байгууллага. Энэ хоёр намынхаа ойлголцолд нэгдээд, шинэ даргаа сонгосон. Л.Гантөмөр даргыг бүртгүүлэхээр хуулийн дагуу материалаа бүрдүүлж, өгч байна. Шүүх хараат бус, шударга байж АН-ын асуудлыг шийднэ гэдэгт итгэж байна” гэв.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Нэгдүгээр сарын 19-ны өдөр АН-ын ээлжит бус Үндэсний бодлогын хороо, их хурал хуралдсан. Үндэсний бодлогын хороо АН-ын шинэ даргыг сонгосон. Үүний дараа шинэ намын даргыг ёсчлон батламжилсан. Энэ шийдвэрээр тухайн ажлын хэсгийн нэр бүхий хүмүүс, Үндэсний бодлогын хорооны гишүүдийг намын даргын материалыг УДШ-д хүргүүлэх ёстой гэж заасан. Тиймээс бид шинэ намын даргын ёсчлон батлагдсан, сонгогдсон тухай материалыг УДШ-д хүргүүлж байна” гэв.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.