Хүний эрхийн Үндэсний комисс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр “Монгол улс дахь хоригдлын хөдөлмөрийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгааг хийжээ. Манай улсад 2022 оны долдугаар сарын байдлаар 3209 хүн хорих ял эдэлж байснаас судалгаанд 41,6 хувийг нь буюу 1249 хоригдлыг хамруулжээ.
Судалгаагаар хорих ял эдэлж байгаа иргэдийн 93,2 хувь нь хэн нэгний дарамт шахалтаар бус,өөрийн хүслээр ажил хийж байгаа гэж хариулжээ. Харин 2016 оны судалгаагаар эрэгтэйчүүдийн 68 хувь, эмэгтэйчүүдийн 72 хувь нь хорих ангийн удирдлагуудын шийдвэрийн дагуу хөдөлмөр эрхэлж байгаа гэж хариулж байжээ. Эндээс харахад, хоригдлуудын эрхийг зөрчих асуудал харьцангуй буурч байгаа гэж дүгнэж байна. Гэхдээ цөөн тохиолдолд эрхийг нь зөрчих асуудал байгааг ч хөндөж байна.
Хууль зааснаар бүх насаараа хоригдох ялтай хүн хөдөлмөр эрхлэх боломж манай улсад алга байна. Өөрөөр хэлбэл, ажил хийж, цалин хөлс авахаас гадна, хоногоо хасуулах боломж тэдэнд байхгүй. Бүх насаараа хоригдол ялтай иргэнийг 25 жил хоригдсоных нь дараа шүүхээс авч хэлэлцэнэ гэж заасан байдаг юм байна. Тиймээс ял эдэлж байх хугацаанд нь хорих ял эдэлж буй бусад хүний адилаар хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй гэдгийг хөндөж байна.
Видео мэдээг дээрээс үзнэ үү.