Улаан хоолой, ходоод, элэгний хорт хавдар болон нас баралтаар манай улс дэлхийд тэргүүлж байна. ХСҮТ-өөс 2020 онд хийсэн судалгаагаар 6702 иргэн хорт хавдраар өвчилсөн бол 4321 иргэн хорт хавдрын улмаас амь насаа алджээ. 6702 иргэний 32 хувь нь элэгний хорт хавдар 17 хувь нь ходоодны хорт хавдар байгаа талаар ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд мэдээлсэн.
Хорт хавдрыг эрт шатанд оношилж, мэс заслын цогц эмчилгээ авч чадвал 100 хувь эмчлэгдэнэ. Гэвч оношлогдож байгаа өвчтөнүүдийн 73 хувь нь хожуу шатандаа илэрч байгаа нь том асуудал юм. Хавдраар оношлогдсон эмчилгээнд орж байгаа нийт хүмүүсийн 65 хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд нас бардаг. Мөн хорт хавдраар анх оношлогдсон нийт иргэдийн 39 хувь нь л таваас дээш жил амьдардаг байна.
Бид Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий мэс заслын тасгийн хоол боловсруулах замын мэс заслын эмч М.Чинзоригоос хавдрын өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тодрууллаа.
-Хорт хавдар бидний айх, сэрэмжлэх том асуудлуудын нэг болоод байна. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой вэ?
-2021 оноос бид эрт илрүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь сайшаалтай боловч, оношлогоо ихэссэнтэй холбоотой хавдарын эмнэлэгт ирэх өвчтөний тоо нэмэгдэхэд нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл ойрын хугацаанд хавдарын өвчлөл статистикийн хувьд ихсэх хандлагатай байгаа ч, магадгүй 10 жилийн дараа хавдарын өвчлөл буурч, хүмүүс эрт үедээ оношлогдож, эмчлэгдэх, бүүр цаашлаад урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсролтой болох нь хамгийн чухал юм. Өөрөөр хэлбэл, хорт хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйлүүдийг мэддэг байх нь чухал гэсэн үг.
Нэгдүгээрт 40-өөс дээш насны хүмүүс оношилгоо шинжилгээнд идэвхтэй хамрагдах ёстой. Нөгөөтэйгүүр хүн бүр эрүүл амьдралын хэв маягт шилжих нь чухал юм. Эрүүл хооллолт гэхээр хүмүүс өөх, тос багатай хоол л иднэ гэж бодоод яваад байдаг. Зөв хооллолт гэдэг нь цаг хугацааны давтамжтай салшгүй холбоотой. Өглөө, өдөр, оройн цагаар тохирсон хэмжээтэй хоол идэж хэвших нь зүй. Ядаж л гэдсээ дүүртэл идэхгүй байх нь эрүүл хооллолтын эхний алхам. Юм идчихээд хэвтэх, эсвэл босоогоороо идэх гэх мэт үйл явц нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Урт хугацаандаа хорт хавдрын шалтгаан болох үндэслэлтэй. Нэг үгээр хэвшсэн буруу зуршлаа засах хэрэгтэй л гэсэн үг. Үүнийг бүгд мэддэг юм шиг боловч хэрэгжүүлдэг нь ховор. Тиймээс энэ зөвлөгөөг би дахин өгмөөр байна.
-Манай Улсын хүн амын дийлэнх нь D витамины дутагдалтай гэсэн мэдээлэл харсан. Ер нь витамины дутагдлаас үүдэж хавдраар өвчлөх эрсдэл нүүрлэх үү?
Монголчуудын D витамины дутагдал 95 хувьтай байгаа. Иргэд дутагдаж байгаа витаминуудаа нөхөх хэрэгтэй юм. Жишээ нь, D витамин калцийн шимэгдэлтийг нэмэгдүүлж, зөөвөрлөлтийг сайжруулдаг. Булчин мэдрэлийн системд ч нөлөөлдөг. Мөн дээр нь дархлаа тогтолцоог сайн дэмждэг учир хавдарын эсрэг дархлааг хүртэл сайжруулдаг. D витамины дутагдалгүй, хэвийн хэмжээнд байлгах нь хорт хавдраар өвчлөх эрсдлийг 24 хувь бууруулна гэсэн судалгаа бий. Мөн дээр нь Омега-3, дасгал хөдөлгөөнийг хослуулж чадвал хавдраар өвчлөх эрсдлийг 50-70 хувиар бууруулах боломжтой талаарх шинэ судалгаа саяхан нийтлэгдсэн.
Бид утаатай агаарын бохирдолтой нөхцөлд амьдарч байгаа учраас нарнаас авах D витаминаа хангалттай хэмжээгээр авч чаддаггүй. Мөн далайн гаралтай бүтээгдэхүүн тэр бүр хэрэглээд байдаггүй учраас идэж буй хүнснээсээ Омега авах боломж хомс. Тиймээс эдгээр бэлдмэлүүдийг нэмэлтээр хэрэглэх нь ирээдүйн хавдарын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ашиг тустайг судалгаа харуулж байна.
Нэмэлт мэдээлэл: Манай Улсад зөвхөн ходоодны хорт хавдраар гэхэд 2020 онд 650 орчим хүн өвчилсөн байна. Эдгээр өвчлөлийн 77-83 орчим хувь нь хожуу шатандаа буюу 2, 3, 4 дүгээр шатандаа оношлогдсон байдаг. 650 өвчтөний 423 нь мэс заслын эмчилгээ хийлгэж, бусад нь хагалгаа хийх боломжгүй гэж оношлогджээ. Ийм байдалд хүрэхгүйн тулд үзлэгт тогтмол орж, эрүүл амьдралын хэв маягт шилжиж, эрсдлээс өөрийгөө хамгаалахыг уриалж байна. Ялангуяа залуу наснаасаа л эрүүл амьдралын хэв маяг, эрдэс, витамины дутагдалаа нөхөх, зөв зохистой хооллох, дархлааны системээ дэмжиж, бие, сэтгэлээ эрүүл байлгах нь биднээс шалтгаалах, бодит хүчин зүйлүүд юм.