Казиногийн тухай, Бооцоот морин уралдааны тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Засгийн газраас 2022 оны арван хоёрдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс (өнөөгийн ханшаар 1 их наяд төгрөг) доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван жилийн дотор Монгол Улсад оруулахаар заажээ.
Чөлөөт бүсийн тухай хууль, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, “Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”-д заасны дагуу чөлөөт бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэхээр хуулийн төслийг боловсруулсан байна. Төслөөр казиног Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд байгуулж болохоор заажээ. Казинод Монгол Улсын иргэдийг тоглуулахыг, Монгол Улсын нутаг дэвсгэрт цахимаар зохион байгуулахыг хуулиар хориглох нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Казино эрхлэгч нь казиногийн байгууламж барих, үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс (өнөөгийн ханшаар 1 их наяд төгрөг) доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван жилийн дотор Монгол Улсад оруулахаар заажээ. Ингэхдээ олон улсын стандарт, шаардлагад нийцсэн дэд бүтэцтэй соёл амралтын цогцолборыг байгуулахаар тусгасан бөгөөд төсөл сонгон шалгаруулалтыг үнэлэхдээ үнийн саналыг 60 хувь, казиногийн цогцолбор барих төслийн техникийн саналыг 40 хувь гэж үнэлэхээр тусгаж, тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулах, үнэлэх журмыг Засгийн газар батлахаар тусгав.
Казино эрхлэгчийг ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт оруулах шаардлага тавьсан тул энэ төрлийн бизнес эрхлэх тогтвортой байдлыг хангах үүднээс казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан компанид, Зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар 30 жилийн хугацаагаар олгох зохицуулалтыг хуульчлахаар төсөлд тусгаад байгаа аж. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон бол казино эрхлэгч хувьцааныхаа 50 хувийг Монгол Улсын Засгийн газарт үнэ төлбөргүй шилжүүлэхээр, энэ болзлыг биелүүлсэн бол тусгай зөвшөөрлийг 10 жилээр сунгах юм байна.
Татварын хувьд бусад улс орны жишгийг болон улсын төсөвт татварын орлого тасралтгүй төвлөрөх байдлыг харгалзан казиногийн онцгой албан татварыг дараах хувь хэмжээний аль өндрөөр буюу улсын төсөвт ашигтай байх хувилбарыг сонгож 7 хоног бүр төрийн санд төвлөрүүлэхээр тусгасан. Тодруулбал, казиногийн үйл ажиллагаанаас олсон нийт орлогоос хонжворт олгосон дүнг хассан дүнгийн 40 хувиар, эсхүл казиногийн ширээ, автомат тоглоом, тотализатор, букмейкерийн төвийн нэгж тус бүрээс 7 хоног бүр татвар ногдуулж авахаар тогтоожээ. Онцгой албан татварын хувь хэмжээг өндөр хувиар тогтоосон тул үйл ажиллагаа эрхлэгчийг ААНОАТ, НӨАТ-аас чөлөөлөх зарчмыг баримталсан бөгөөд казино эрхлэгчид өндөр татвар ногдуулсан тул тоглогчийн хонжворын орлогод Хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй байхаар тус тус тусгажээ.
Казино эрхлэгчийн төлөх онцгой албан татварыг өндөр тогтоосон тул давхардуулан ААНОАТ, НӨАТ ногдуулахгүй байх зарчмыг баримталсан бөгөөд казино эрхлэгчид өндөр татвар ногдуулсан тул тоглогчийн хонжворын орлогод Хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй байх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Казино эрхлэгчийн төлсөн татварын зарим хэсгийг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зарцуулах нь зүйтэй хэмээн үзэж, онцгой албан татвараас төвлөрүүлсэн орлогын зарим хэсгийг Аялал жуулчлалыг хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр тусгасан байна.
Эх сурвалж: www.parliament.mn