Монгол залуус гадны улсад амжилттай суралцаж, дэлхийн нэр хүндтэй нэр хүндтэй ажиллах боломж бий гэдгийг АНУ-ын “University of Rochester”-ийн магистрант Ц.Цэрэнлхам харуулж байна. Тэрээр бизнесийн удирдлагын чиглэлээр суралцах хугацаандаа Microsoft компанид ажиллаж, туршлага хуримтлуулжээ. Мөн магистрийн ангиа төгссөнийхөө дараа буюу ирэх хавар тус компанид үргэлжлүүлж ажиллах урилга аваад байгаа юм байна. Ингээд түүний яриаг хүргэе.
“Намайг Цогбадрах овогтой Цэрэнхлам гэдэг. Одоогоор АНУ-ын Нью-Йорк мужид University of Orchestor их сургуульд бизнесийн удирдлагын магистрын чиглэлэлээр сурч байна. Бакалавраа ч энэ чиглэлээрээ төгссөн.
Залуус сургуулиа зөв сонгож сурч чадвал олон улсын компанид ажиллах, туршлагажих боломж их байдгийг би олж харсан. Миний хувьд 2022 оны нэгдүгээр Аmazon, Microsoft хоёроос ажлын санал авч байсан. Тэр компаниудад ажиллахад “Чи яагаад манай компанид ормоор байгаа юм бэ” гэж асуудаг. Энэ асуултад үнэн, яг л өөрийнхөөрөө, онцгой хариултыг өгөх ёстой байдаг. Энэ нь шалгуурыг нь давах нэг гол үзүүлэлт болдог гэсэн үг. Мэдээж, маш олон шалгуурыг давж байж тэнцдэг. Үүнд нь сурч байгаа сургууль нь маш их нөлөөлдөг. Хэрэв хүлээн зөвшөөрөгдсөн сургуульд сурдаг бол цаанаас нь "Ийм чиглэлийн залуусыг авч ажиллуулъя" гэдэг санал нь ирдэг гэсэн үг. Энэ нь бас гол хөшүүрэг болж өгсөн. Тэгэхээр аль сургуульд элсэх вэ, аль сургуулийн ямар ангид элсэн суралцвал дэлхийн ТОП сургуулиудаас надад санал ирэх боломжтой вэ гэдгээ бодож үзэх хэрэгтэй юм билээ.
Би 2022 оны 5-8 сарын хооронд Сиатл хотод Microsoft-ийн төв оффис дээр дадлагаа хийсэн. Улмаар, энэ хавар төгсөөд үргэлжлүүлж ажиллах урилга авсан. Microsoft нь хүний өсөлт хөгжилтийг дэмждэг, алдаанаасаа суралцаад цааш явах ёстой гэдэг соёлтой компани. Сар болгон хийсэн зүйлсийнхээ дагуу өөртөө үнэлгээ тавиад удирдлагадаа өгдөг. Удирдлагууд нь буцаагаад үнэлгээ тавьдаг. “Би ийм юм хийлээ, үүн дээр ингээд алдчихлаа, үүнийг сайн хийчихлээ” гээд өөрийнхөө үнэлгээг явуулангуут, удирдлагууд шалгаад “Үүнтэй чинь санал нийлж байна, үүнтэй чинь санал нийлэхгүй байна” гээд хариуг нь өгдөг. Ер нь “Чадахгүй байж болно. Гол нь хийгээд үз. Оролдоод үз. Эрсдэл хүлээдэг хүлээдэг зоригтой байх хэрэгтэй” гэх зүйлсийг тэнд ажиллаж байхдаа маш их сурсан. Хариуцсан төсөл маань sustainability буюу байгаль дэлхийдээ ээлтэй бизнесийн стратегийг гаргах төсөл байсан юм.
Америкт байхдаа Microsoft дахь Монголчуудтай уулзсан. Дэлхий дахины салбаруудад нь нийт 20 гаруй Монгол залуу ажилладаг юм байна лээ. Ихэнх нь инженер байсан. Технологийн компанид ажилладаг гэхээр л “Өө, инженер юм уу” гэж асуудаг. Тийм хандлага зонхилдог. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа нэг гол зүйл нь “Том компаниудад заавал инженер биш, бизнес зэрэг бусад чиглэлээр нь ч ажиллах боломж байгаа шүү” гэдгийг залууст хүргэхийг хүсдэг.
Дэлхийн нэр хүндтэй компаниудад инженерүүд нь ч, бизнесийн салбарынхан нь ч ажилламаар байна. Ингэж чадвал бид тэндээс олсон туршлагаа Монголдоо цогцоор хэрэгжүүлэх боломж байна гэж хардаг” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.