“Анх цементэн шалан дээр хөнжил гудсаа тавиад л амьдардаг байсан. Нэгэндээ итгэж, нэг зүйлийн төлөө зорьж байхад хэсэгхэн хугацааны асуудлууд юу ч биш” гэж ярих залуу хос Б.Энхсайхан, н.Жаргалмаа нар анхны хүүхдээ өлгийдөн авахаас өмнө хүсэж мөрөөдөж байсан байшингаа барьж, тухлаг гэртээ аз жаргалтай амьдарч байна. Бүхнийг тэгээс эхэлж, бие биедээ өгсөн амлалтдаа хүрч, нэгнээ хүндэлж хайрлах сэтгэлээр амьдралаа босгож буй залуу гэр бүлийн төлөөлөл болсон залуусыг онцолж, бид цөөн хором ярилцлаа.
Нөхөр Б.Энхсайхан: Би саяхан эхнэрийнхээ жижигхэн ч гэсэн мөрөөдлийг биелүүлж, хүүхдээ төрөхөөс өмнө засварласан байшиндаа орсон талаараа фэйсбүүктээ бичлэг хийж оруулсан юм. Энэ бол бидний амьдралын аз жаргалтай сайхан үеүдийн нэг байсан. Бид хоёр манай ээжийнд цуг амьдардаг байсан юм даа. Байшингийнхаа суурийг нэлээн эрт тавьсан байсан ч гүйцээж чадалгүй удаан явсан. Эхнэр маань жирэмсэн болж, дөрвөн сартай байхад нь, “Хүүхдээ төрөхөөс өмнө заавал байшингаа засаж, эхнэртээ өгсөн амлалтдаа хүрнэ” гэж шийдсэн. Яг тогтсон ажилгүй, санхүүгийн хувьд асуудалтай байсан ч энд тэнд ажиллаж олсон мөнгөөрөө засварын материалаа бага багаар аваад л байсан. Хийж бүтээнэ гэсэн сэтгэл байхад, хөдөлмөрөөрөө бүхнийг бүтээж болдог. Байшингаа ийм ч болгоно, тийм ч болгоно гээд гоё гоё айлуудын зургийг их үздэг байдаа. Зорьсондоо хүрч, эхнэрийнхээ итгэлийг даасан даа баяртай байна.
Эхнэр маань намайг юм хийхээр л “хайраа ёстой гоё болж байна” гэдэг. “Ёстой гоё болж байна” гээд хэлэхээр л их урам орчихдог юм.
Эхнэр М.Жаргалмаа: Бид хоёр анх энд бараг цементэн шалан дээр л амьдардаг байсан. Түүн дээрээ матраас, хөнжил гудсаа тавиад л, хулдаас дэвсэн гал тогооны хэрэгслээ тавина. Бараг шороон шалан дээр л байдаг байсан. Гутал, хувцас хунар ил, дандаа харцаганд хийгээд тавьчихсан. Тогоо шанага хүртэл шалан дээр. Байшингаа засаад орсны дараа яалт ч үгүй энэ бүхэн гологддог юм билээ. Бага багаар тавилгаа авч байгаа.
Хэцүү үе санагдах үе байсан ч гэсэн хамтдаа байж, нэг зорилго тавьчихсан байгаа болохоор жижиг зүйлс нэг их хэцүү санагддаггүй юм билээ. Өөрсдөө хоорондоо жаргалтай, эвтэй байвал болно гэж боддог. Хоёулхнаа амьдарч байсан үе, хүүхэдтэй болоод амьдрах өөр. Залуу ээж хэцүү шүү дээ. Сэтгэл санаагаар ч унана. Өөрийгөө “сэгсийчхээд яваад байна” гэж бодно. Ядаж тийм үед “хөөрхөн байна” гэж хэлэх, хувцас өмссөний дараа “гоё байна”, “турсан байна” гэж магтах гээд л энэ бүхэн намайг дэмжиж хайралж байгаа хэлбэр. Сайн хүнтэй учирсан болохоор аз жаргалтай байна. Манай нөхөр охин бид хоёроос түрүүлж сэрээд, охиныхоо даавууг угаачихна. Шал, аяга, шанагаа угаана гээд бүх зүйлээ яг өөрөө хийдэг. Тэгээд л ийм үед нөхрөө хараад бахархаж байгаа юм.
Саяхан л бужигнасан муухай нөхцөлд амьдарч байсан. Бүх юм болно гээд итгэсэн. Одоо бүх өрөөгөө засчихсан. Охиноо төрүүлээд аз жаргалтай амьдарч байна. Залуу хосууддаа хандаж нөхөртөө, эхнэртээ итгэж, сайн дэмжээрэй гэж хэлмээр байна.