УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг энэ сарын 6-ны өдөр саатуулж, цагдан хорьсон. Түүнийг баривчлах үеэр гэрээс нь болон хамаарал бүхий этгээдүүдийнхээс 7.3 тэрбум төгрөг гарч ирснийг хураан авсан юм. Хуулийн байгууллагаас С.Батдөлийг сулласан гэх мэдээлэл цацагдаад буй.
Тэгвэл түүнийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр 11.00 цагт Баянгол, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн танхимд болно.
Уг хэргийн талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын албан тушаалтан Б-г баривчилсан. Түүний гэрээс болон хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөг хураан авсан. Мөн дөрөв гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг олж авсан хэргийг шалгаж байна” гэсэн юм.
Ойрын эх сурвалжийн мэдээллээр, С.Батдөл хэргээ хүлээн, өмгөөлөгчгүй шүүх хуралд орох хүсэлт гаргачээ. Шүүхээс заавал өмгөөлөгчтэй оролцохыг шаардан, шүүх хурлыг өнөөдөр болтол хойшлуулаад байсан юм.