Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрсийг зарлахыг шаардсан иргэдийн жагсаал үргэлжлээд нэг сар тойрч байна. Урт хугацаанд үргэлжилсээр буй энэхүү жагсаал, цуглаанаар хөндөж буй нийгэм, улс төрийн асуудлыг шийдэх үр дүнтэй ямар гарц, гаргалгаа байж болох талаар бид ХҮН-ын гишүүн Б.Найдалаатай ярилцлаа.
Тэрбээр, сүүлийн 30 жилийн турш үргэлжилсэн социализмын үеийн тогтолцоог халж байж залуусын хүсэж байгаа ардчилсан, шударга нийгэм бүрдэх талаар онцолсон юм.
-Өнгөрсөн сарын эхээр эхэлсэн жагсаал цуглаанд залуус олон асуудлыг хэлж байна. Эдгээр асуудлуудыг шийдэх оновчтой арга зам нь юу юм бэ? Танай намын зүгээс ямар байр суурьтай байна вэ?
-Иргэд олон нийтийн урт хугацаанд хуримтлагдсан уур, бухимдал энэ жагсаалаар харагдаж байна. Хавар мөн жагссан шүү дээ. Анзаарах юм бол жагсаал жилээс жилд, өдрөөс өдөрт улам л өргөжиж байгаа. Залуус янз бүрийн л асуудал хэлж байна. Агаарын бохирдол, түгжрэл, ажлын байр, нүүрсний хулгайн асуудал гэх мэт. Янз янзын асуудлын цаана болж бүтэхгүй ганц л асуудал байна. Энэ бол хулгай. 2018 онд ЖДҮ-гийн хэрэг гарсан. Тэр үед яг л ийм жагсаал цуглаан болсон. Гэхдээ бид хулгайчдаа шийтгэж чадаагүй. Сонгодогоороо л сонгож, эрх мэдэл олгоод орхисон. Жилээс жилд хулгай нэмэгдсээр л байна. Залуусын боломжийг л хулгайлаад байна гэсэн үг. Үүн дээр шийдэл маш чухал. Шийдэл нь хулгайчдыг шийтгээд, нэрсийг зарлаад дуусгах биш. Энэ бол эхний алхам. Дараагийн чухал зүйл нь хулгайчдыг үрждэггүй, дэмждэггүй, төрд гаргадаггүй тогтолцооны шинэчлэлийг хийх ёстой юм. ХҮН анхнаасаа энэ байр суурийг илэрхийлээд явж байгаа. Тогтолцооны өөрчлөлт шинэчлэлийг хийхгүй бол хулгайч нар цөөрөхгүй. Хулгайн дүн нэмэгдэж, тоо олширсоор байх болно.
-Тогтолцооны шинэчлэл гээд ярихаар олон нийтэд наалдахгүй байх шиг санагддаг. Үүнийг та манай уншигчдад энгийнээр тайлбарлаж өгөөч?
Тогтолцооны шинэчлэл гэж сүртэй нэртэй ойлгомжгүй зүйл юм шиг боловч хэдхэн зүйл л байгаа. Хулгайч хаанаас гарч ирж байгаа гэхээр, сонгуулиар л гарч ирдэг. Морь унаж, мод тохож ирээгүй шүү дээ. Иргэд бид өөрсдөө хулгайчдыг сонгосон. Яагаад иргэд зөв хүнээ сонгох гээд байхад хулгайч сонгочхоод байна вэ гэдэг нь тогтолцооны асуудал юм. Өнөөдөр 76 гишүүн ард түмний төлөөлөл байж чадахгүй байна. Цаашлаад малчдын эрх ашгийг хэн хамгаалж байгаа юм. Сонгосон хүн нь тэднийг төлөөлж чадахгүй байна. Иргэд хүчгүй байна.
Сонгуулийн тогтолцоог яаралтай засахгүй бол их хурлыг тараагаад, маргааш сонгууль боллоо гэхэд яг өнөөдрийн хүмүүс дахиад л сонгогдоно. Яагаад гэвэл гаргадаг тогтолцоо нь л тэр. Жижиг тойрог, аймаг, сумдыг өмчлөөд авчихсан. Олон жил усална гэсэн нэрээр, жижиг сажиг бэлэг сэлт тараасаар байгаад, дарамтлахыг нь дарамтлаад гартаа оруулчихсан. Үүнд жинхэнэ ардчидсан сонгууль болохгүй байгаа юм. Саналаа өгсөн ч хүссэн хүн нь гарахгүй байгааг өөрчлөхийг залуучууд хүсэж байна. Шийдэл нь энэ.
-Сонгуулийн тогтолцоог ямар хэлбэрээр, яаж өөрчлөнө гэсэн үг вэ?
-Яагаад сонгуулиар 40 нэр дэвшигч 40-үүлээ зарлал тараагаад яваад байдаг юм. Ганцхан ном хэвлээд л иргэдэд өгөхөд болно биз дээ. Үүний дараагаар хэрвээ мөрийн хөтөлбөртөө худал мэдээлэл гаргасан бол нэр дэвшигч нь хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй. Ухуулагч байх шаардлагатай юу үгүй юу. Бодох асуудал мөн. Ухуулагч гэсэн нэг нөхөр, иргэдийн регистр цуглуулаад явах ёсгүй. Энэ мэтчилэн сонгуулийн хуулин дээр ухуулагч, сурталчилгаа гээд социализмын үеэс үлдсэн, ужгирсан, улирсан аргаа халах хэрэгтэй. Сонгуулийн тухай хуулиа эрс шинэчлэхийг л залуус хүсэж байна.
-Залуус МАНАН-гаас салмаар байна гэсэн байр суурийг илэрхийлж байгаа харагддаг. Ингээд бодохоор намуудын тухай хуулийг эргэж харах шаардлагатай юм болов уу? Та юу гэж бодож байна вэ?
-Тийм. Өөрчлөх зүйлс бий. Сонгуулиар гарч ирсэн хүмүүс улс төрийн намуудаас гарч ирдэг. Гэтэл улс төрийн нам гэдэг зүгээр л хулгайч нарын үүр болчихсон байна. Тиймээс улс төрийн намуудын тухай хуулийг эрс шинэчлэх ёстой. Тэнд улсын төлөө биш намын төлөө амьдардаг, бүтэхгүй хүмүүсийн цуглаан бий болчхоод байгаа. Намын төлөө амьдарч, цүнх барьдаг гэсэн үг. Тэгэхээр залуус бухимдахаас өөр аргагүй болоод байна. Намд оръё гэхээр хулгайчийн үүр болчихсон. Орохгүй байя гэхээр ажил, бизнес нь урагшлахгүй. Ингээд залуус гадагшаа явахаас өөр сонголтгүй болж таарна.
-Манай улсад сонгуулийн ямар тогтолцоо зохимжтой гэж үзэж байна вэ?
-Гадаадын ардчилсан орнуудын жишээн дээр харахад яалт ч үгүй манайд холимог систем тохирно. 76 гишүүн байлаа гэхэд талыг нь, Монгол Улсын нэг тойрог гэж үзэж байгаад сонгох явдал. Талыг тойргоосоо байж болно шүү дээ. Холимог тогтолцоотой байснаар бие биенийхээ алдааг нөхөөд явах боломж бүрдэх юм. Үүний ач холбогдлыг энгийн жишээгээр тайлбарлавал, 3,4 дүгээр хороололд шугам хөлдчихсөн гэх асуудал олон жил яригдлаа. Үүн дээр яагаад төсөв баталж засахгүй байна. Төсөв хөрөнгө нь байгаа шүү дээ. Гэтэл энэ мөнгө хаашаа явсан гэхээр, алслагдсан, хүн очдоггүй аймаг, сумын “угтах хаалга” болоод үлдчихэж байгаа юм. Хамаг мөнгөө жижиг тойрог руугаа булаацалдаад , сайн хүн болох гээд, ажил хийсэн хүн болох гээд гишүүд нь хуваагаад авчихсан хэрэг. Үүнийг горыг бид нийтээрээ амсаж байгаа юм.
-Зарим судлаачид УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв шийдэл болох талаар хэлж байна. Танай намын хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Холимог тогтолцооноос гадна УИХ-ын гишүүдийн тоог нэмэх ёстой. 76 гишүүн бол хэтэрхий “жижигхэн байна”. Жишээ нь Монгол Улс, үндсэн хуулинд зааснаараа парламентын засаглалтай ардчилсан улс. Парламент гээд байгаа нь дээр байгаа 76 нөхөр. Асуудал үүсэж байхад парламент нь хаана байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайддаа загнуулаад, засагтаа бариулчихсан дорой байдлаар асуудалд хандаж байна шүү дээ. Үүсээд байгаа асуудлын учир зангилааг мэддэг хүн тэнд алга. Монгол Улс жинхэнэ парламентын засаглалтай болмоор байна.
Социализмын үед МАХН-ын Төв хороо есөн улс төрийн товчооны гишүүнтэй байсан. Есөн даргатай байсан гэсэн үг. Одоо яг тэр сэтгэхүйгээрээ есөн даргаа 76 дарга болгочихсон. УИХ-ын гишүүн бол дарга биш. Хэрэг хийсэн ч шалгагдаж, шийтгэгддэггүй тийм дархан эрхтэй хүн биш. Хоорондоо хэлэлцэж, маргаж байгаад, зөв, буруугаа шүүж байгаад, хууль баталдаг хүмүүс. Одоо бид 76 даргатай болохоос, 76 гишүүнтэй биш. Гишүүдийн тоог нэмж байж парламент яг парламент шиг ажиллана гэж үзэж байна.
-Тогтолцоог өөрчилж, сайжруулахын тулд хууль баталдаг хүмүүс нь тухайн салбартаа мэргэшсэн байх шаардлагатай байх тийм үү?
-Байнгын хороод нь чиг үүргийнхээ дагуу ажиллаж, ачааллаа зөв хуваарилж, мэргэшсэн хүмүүсээ татан оруулж байж зөв хууль батлагдана. Тэгэхгүй бол одоо байнгын хороон дээр 4-5 гишүүн улс орны амин чухал хуулийг хэлэлцээд батлаад сууж байна. Гол нь мэргэжлийн биш хүмүүс гэсэн үг. Хуулийн алдаа энд байгаа юм. Өнгөрсөн 30 жил хийж чадаагүй зүйл нь ердөө энэ. Үүнийг хийхгүй бол монгол хулгайчаасаа салахгүй. Монгол Улсын төсөв хэзээд хулгайлагдсаар байх болно. Залуус эх орноосоо зугтсаар байх болно. Үүнийг хийх нь цаг хугацааны л асуудал. Харин одоо эрх барьж байгаа МАН үүнийг ойлгож ухаараад шинэчлэлийг цагт нь хийхгүй бол дараагийн долоодугаар сарын нэгэн болж таарна. Ингээд улс орон жоомоо алах гэж байгаад, гэрээ шатаах үлгэр болоод, гадна дотны элдэв сонирхлын бүлгүүд оролцож улс орныг маань самарч магадгүй байна.
Иймийн тулд тодорхой хоёрхон зүйлийг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулах нь зүй. Сонгуулийн хуулиа, намуудын тухай хуулиа эрс шинэчлэх асуудлыг л ярьж байна. 2024 онд шинэ хуулийн тогтолцоогоор, шинэ уур амьсгалаар явах юм бол одоо байгаа асуудлууд хурдан цэгцэрнэ.
-Олон нийт УИХ-ыг тарахыг шаардаж байна. Үүнийг хэр оновчтой шаардлага гэж үзэж байна вэ?
-Их хуралд гарахын төлөө цацдаг тэрбумаар тоологдох мөнгийг нэр дэвшигчид халааснаасаа гаргаагүй. Хулгайн мөнгө, эсвэл хулгайчаас авсан мөнгө л байгаа. Энэ нүүрсний хулгайд УИХ-ын олон гишүүн шууд болон шууд бусаар холбогдсон байх магадлалтай. Барьцалдсан лаг шавар шиг болсон асуудал гэсэн үг. Энэ хүмүүс хэзээ ч өөрсдөө огцрохгүй. Нөгөө талаас хүчээр их хурлыг тараачихлаа гэж бодоход өнөөгийн нөхцөлд хулгайчид засаглалаа бүр бэхжүүлэх боломж үүснэ.
-Баярлалаа.