Прокуророос иргэн Б “бага насны хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Хэрэгт авагдсан баримтаар, иргэн Б нь гэр бүл салсны дараа 5 настай өөрийн хүү Б-г хэд хоног харахаар болж, гэртээ авчирсан өдрөө дэлгүүрээс хүүдээ амттан, өөртөө согтууруулах ундаа авч хэрэглэсэн байна. Хүүг унтах гэхэд нь “Чи надад хайртай юу” гэж олон дараа шалгааснаас хүү залхаж “Хайргүй, та миний аав биш” гэжээ. Согтуурсан Б салсан эхнэр лүүгээ “Энэ миний хүүхэд биш, аав нь өөр хүн байдаг гэнэ. Энэ зулбасгаа ирж авахгүй бол алчихна шүү” гэж утсаар ярьсан байна.
Мөн тухайн цаг хугацаанд гэртээ амарч байсан иргэн Г жаахан хүүхэд уйлах, “Ааваа битгий, яая” гэх чимээ сонсоод тагтаараа харахад доод айлын тагтнаас бага насны хүүхдээ бүтэн биеэр нь гарган доош унжуулж хөлнөөс нь барьсан Б-г харжээ.
Хүүгийн ах Б ээжийнхээ хэлсэний дагуу дүүгээ авахаар Б-гийнд очиж хаалгыг нь нүдсэнээр Б хүүг тагтнаас аван дотогш гэртээ оруулсан байна.
Эрүүгийн хуульд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн бол 12-20 жилийн хугацаагаар хорих ял, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийг үйлдэхээр завдсан бол үйлдлийн шинж, гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан дээр дурдсан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулахаар заасан.
Б-гийн үйлдэл нь хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан шинжийг хангасан гэж шүүх үзэн, Б-г гэм буруутайд тооцон 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.