Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг “Тавантолгой” ХК-д Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр өнгөрсөн баасан гаригт томилсон. Улмаар тус компанийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоогоод буй. Төрийн 51 хувийн эзэмшил бүхий “Тавантолгой” компанийг улсын өмчид авах нь гэх эргэлзээ, хардлага олны дунд үүсээд байгаа.
Тэгвэл “Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон П.Сайнзориг өөрийн цахим хуудсаараа тайлбар хийлээ.
Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар хууль тогтоомжийн хүрээнд 12 дугаар сарын 9-ний өдөр “Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, миний бие “Тавантолгой” ХК-д Монгол Улсын Засгийн газрын Онцгой бүрэн эрхэт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна.
Иргэд, олон нийт, ялангуяа Өмнөговь аймагт оршин суудаг иргэдийн дунд эргэлзээ төрүүлж буй зарим зүйлийг талаар нэмэлт мэдээллийг өгье.
Нэгдүгээрт, орон нутаг 51 хувийн хувьцааг нь эзэмшиж буй орон нутгийн өмчит энэхүү компанийн хувьцааг төрийн аль нэг байгууллага руу шилжүүлэх, авах үйл ажиллагаа хийгдэхгүй ээ.
Хоёрдугаарт, бусад хувьцаа эзэмшигчийн хууль ёсны эрх ашгийг хөндөхгүй.
Гуравдугаарт, компанийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, ил тод болгоно оо. Ил тод, нээлттэй болгож байж улс, орон нутгийн төсөвт орох татвар, хураамж нэмэгдэх, компанийн орлого нэмэгдэх, цаашлаад Өмнөговь аймгийн иргэдэд очдог “үр өгөөж” сайжирна гэж үзэж байна.
Дөрөвдүгээрт, бүртгэлгүй нүүрсний асуудал, ЭТТ-н тайлбайгаас нүүрс олборлож борлуулсан, нүүрс шатсан, шатаагүй гэх асуудлыг судалж нэг талд гаргаж шийдвэрлэх арга хэмжээнүүдийг авна.
Тухайлбал, санхүүгийн болон бусад чиглэлээр аудит хийлгэх ажлыг зохион байгуулна. Авч хэрэгжүүлсэн арга хэмжээг иргэд, олон нийтэд нээлттэй мэдээллээд явна аа” гэлээ.