Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 21-25-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 28.040, мөрдөн байцаалтын 2803 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 315 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 9 мэдэгдэл бичиж хүргүүллээ.
Түүнчлэн 89 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 51, Өмчлөх эрхийн эсрэг 21, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 10, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, Авлигын 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тухайлбал “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Дорноговь аймгийн Замын-Үүд салбарын дарга Х, Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга У, Зам тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Замын-Үүд төлбөр авах цэгийн ахлах ажилтан С, оператор У нар нь бүлэглэн, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглажээ.
Улмаар Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслүүдийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлсэн.
Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтоор БНХАУ-руу нэвтрэх дараалалд ороогүй тээврийн хэрэгслийг шууд нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.
Эх сурвалж: УЕПГ