Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хялбар шуурхай үзүүлэх нөхцлийг төр хувийн хэвшил хамтран бий болгоно. Ингэхдээ хамгийн их лавлагаа, тодорхойлолт шаарддаг банкны салбарынхныг түүчээлж, ТӨРИЙН БАНК Lavlagaa.E-Mongolia.mn системийг хэрэглээндээ нэвтрүүлж байна.
Тодруулбал, Банк иргэнээс, лавлагаа тодорхойлолт шаарддаггүй болж цаасан хэрэглээг халахаар зорьж буй юм. Улмаар өнөөдөр ЦХХХЯ, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, УБЕГ, Монгол банк “и-Монгол” академи хамтран лавлагааны дундын системийг хөгжүүлж банкны салбар үйлчилгээнд нэвтрүүллээ.
Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, төрийн хүнд суртлыг бууруулах чиглэлээр Монгол Улсын засгийн газар манлайлж ажиллаж байгаа. Засгийн газрын 11-11 төв дээр ирсэн гомдлуудыг аваад үзэхэд 183,383 иргэний дуудлага ирсэн байна. Эдгээрийн 61 хувь нь лавлагаатай холбоотой. “E-Mongolia-гаас авсан иргэний үнэмлэхний лавлагаагаар зарим банк үйлчлэхгүй байна. Заавал лавлагаагаа цаасаар хэвлэх шаардлагатай болдог. Төрийн үйлчилгээ иргэддээ хурдан шуурхай хүрэхгүй байна” гэсэн гомдол зонхилж буй. Ингээд бид дундын системийг нэвтрэх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Төрийн байгууллага болон бусад хувийн байгууллагууд нээлттэй гэрээ хийсний үндсэн дээр энэ системийг ашиглах боломжтой.
Өнөөдрийн үйл ажиллагаанд Монгол банк, бусад арилжааны банк, мөн Төрийн банкны Сүхбаатар дүүрэг дэх салбараас үйл ажиллагаагаа эхлүүлж, монгол орны өнцөг булан бүрд үйл ажиллагаа явуулж байгаа банкны салбаруудаар лавлагааг халах шийдвэрийг танилцуулж байна. Үүний үр дүнд иргэд банкнаас үйлчилгээ авахдаа 69 төрлийн лавлагааг цаасаар бүрдүүлэх шаардлагагүй болно” гэв.