Улаанбаатар олон улсын кино наадмын “Шилдэг зохиол”-ын шагналт “The Coach” буюу “Дасгалжуулагч” УСК энэ сарын 25-ны өдөр нээлтээ хийхэд бэлэн боллоо.
Тус кино нь Оргил хэмээх нийгмээс өөрийгөө тусгаарласан тэргэнцэртэй хүү нөхөрлөлийн ачаар хэрхэн нийгэмшиж, цаашид амьдрах итгэл найдвар олж авч буй тухай түүх юм. Оргил санаандгүй байдлаар өөрийн цорын ганц чаддаг зүйл болох сагсан бөмбөгөөр дамжуулан үеийнхээ хүүхдүүдийг дасгалжуулах боломжтой болдог.
Тэрээр анхандаа хүүхдүүдийг дасгалжуулан сайжруулж буй мэт боловч аажимдаа өөрөө нийгэм рүү гарч ирж буй тухай гэгээн түүхийг “Дасгалжуулагч” киноноос харах боломжтой.
Киноны найруулагчаар Э.Ган-Очир ажилласан бол түүний өмнөх бүтээл болох “Дурсаж яваарай” УСК нь олон улсын таван кино фестивальд оролцож “Шилдэг зохиол” мөн нээлтийн үзвэрээр ч шалгарч байв.
Тус кинонд МУГЖ С.Лхагвасүрэн, СТА жүжигчин Р.Анхням мөн залуу жүжигчид гол дүрүүдэд тогложээ.
Нийгэмд эерэг нөлөөллийг түгээж буй уг бүтээл нь СТА, жүжигчин Р.Анхнямын таван жилийн дараах дэлгэцийн бүтээл болж буйгаараа онцлог болжээ.
Мөн Монголын сагсан бөмбөгийн лидерүүд болох Т.Санчир, Б.Билгүүн нар оролцон тоглосноороо сагсан бөмбөгөөр дамжуулан хүүхдүүдэд хүмүүжил төлөвшил олгох бүтээл болжээ.
Мөн кино зохиолын санаа нь бодит түүхээс сэдэвлэсэн бөгөөд одоогоос арав гаруй жилийн өмнө Баянхошуунд байрлах “Баясгалантай” хүүхэд хөгжлийн төвийн ойролцоох сагсны талбай дээр тэргэнцэртэй найзтайгаа хамт сагсан бөмбөг тоглодог байсан хүүхдүүдийг кино багийнхан хайж байгаа юм.
“Тэдэнтэй уулзаж өөрсдийнх нь тухай киног үзүүлж, амьдарч байсан тэр гудамжиндаа ямар их гэрэл гэгээг түгээж байсан нөхөрлөлийн түүх нь өдгөө кино бүтээл болж олон хүнд гэрэл түгээж байгааг харуулж киноныхоо нээлтэд урихыг хүсэж байна” гэжээ.