Банкны салбар жилдээ 100 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг техник технологио сайжруулах, мэдээллийн технологийн хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэхэд зарцуулж ирсэн судалгаа бий. Тиймээс банк бол бодит байдал дээр төдийгүй, цахим орчинд ч сайтар хамгаалагдсан байдаг тул банк руу чиглэсэн халдлага үйлдэх нь ховор.
Гэвч сүүлийн жилүүдэд банкны харилцагчид цахим залилангийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол нэмэгдэж байгаа нь харамсалтай. Гэмт этгээдийн хэрэглэж байгаа арга, туршлагыг харахад хувь хүний анхаарал болгоомжгүй үйлдлийг ашиглах нь түгээмэл байна. Тухайлбал, гэмт этгээд нь банкны харилцагчид олгосон нууц үг, нэг удаагийн таних кодыг хууран мэхлэх замаар өөрөөс нь олж авч, үүний дараа дансыг нь эзэмшихдээ яг ийм замаар олж авсан өөр хүний дансанд орлогоо хүлээж авах байдлаар гэмт хэргийн ул мөрөө арилгах явдал удаа дараа давтагдаж буйг цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа юм.
Тиймээс Монголын банкны холбооноос иргэдийг хууль бус үйл ажиллагаанаас хамгаалах, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор UNSEND буюу “Бүү шилжүүл” аяныг Цахим хөгжлийн яам, Монголбанк, Цагдаагийн ерөнхий газартай хамтран зохион байгуулж байна.
Монголын банкны холбоо нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 12 банк болон гадаадын банкны төлөөлөгчийн газар, санхүүгийн салбарын дэд бүтцийн чиглэлийн байгууллагууд, финтек компаниуд зэрэг нийт 37 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн бие даасан байгууллага юм. Холбоо нь Монгол Улсын санхүүгийн салбарын тогтвортой байдал, үндэсний төлбөр тооцооны тогтолцоо, хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшилд нийт гишүүдийн үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлэх замаар хувь нэмрээ оруулж, санхүүгийн салбарын үр ашигтай, эрүүл хөгжилд манлайлж, ажиллах зорилготой билээ.
Өмнө нь бид залилах гэмт хэргийг бууруулах чиглэлээр банкны салбарын хэмжээнд шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр “Ятгах тусам нягтал”, “Залилагч нарт боломж бүү олго” зэрэг аянуудыг амжилттай зохион байгуулсан. Эдгээр аян тухайн үедээ үр дүнгээ өгч, иргэдэд санхүүгийн залилангаас өөрийгөө хамгаалах дархлааг тодорхой хэмжээнд суулгасан. Харин дэлхий даяар цахим шилжилтийн цар хүрээ зогсолтгүй өргөжихийн хэрээр цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг нэмэгдэж байгаа тул энэ удаад аяны гол зорилгыг цахим залилантай тэмцэхэд чиглүүлэн зохион байгуулж байна.