Нийслэлийн түгжрэлийг бууруулахаар 414.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүний хүрээнд дөрвөн бүлэг, 12 багц ажил, 49 арга хэмжээ төлөвлөн ажиллаж байгаа талаар Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг хэлж байна.
Тэрбээр энэ талаар мэдээлэхдээ "Нийтдээ 800 тэрбум төсөвт өртөгтэй ажлын 414 тэрбумын санхүүжилтийг олгож байгаа. Яг одоогийн байдлаар 116 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсон байна. Гэрээний хувьд 480 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай болж байгаа. Энэ онд зарим төсөл хөтөлбөрийн 20-30 хувийн санхүүжилт олгоно. 12 багц ажлын гурван багц ажил нь энэ онд дуусна.
- Үүнд цэцэрлэгийн хүртээмжийн асуудал орсон. 138 мянган хүүхэд хүлээж авах боломжийг нийслэлийн хэмжээнд зохицуулна гэсэн үг.
- Зам тээврийн ухаалаг системийн хүрээнд радио давтамжийн уншигч технологийг нэвтрүүлнэ. Мөн цахим гэрчилгээ хийлгэх ажил нээгдэнэ.
- Нийтийн тээврийн асуудлыг шийдэхээр 100 гаруй автобусыг шинэчилж байна. Бусад нь 12 дугаар сарын сүүлээр орж ирнэ.
Эдгээр асуудал шийдэгдсэнээр түгжрэл гэх мэт тулгамдсан асуудлуудад сайн үр дүн бий болно.
Хамгийн томоохон хөрөнгө оруулалтын санхүүжилт нь нийтийн тээврийн санхүүжилт. Цэцэрлэг сургуулийн хүртээмжтэй холбоотой томоохон санхүүжилтүүд ирэх онд гарна гэж бодож байна. Бидний хувьд зарим багц ажлуудаа 100 хувийн гүйцэтгэлтэй хийхээр төлөвлөж байна" гэлээ.