Хэдэн сар үргэлжилсэн маргаан, үйл явцын эцэст дэлхийн хамгийн чинээлэг хүн мэдээллийн томоохон платформыг худалдаж авлаа. Ийнхүү Илон Маск өөрийн твиттер хуудаснаа “Шувууг тавьж явууллаа” гэж жиргэснийхээ дараа “Сайн сайхан цагийг эхлүүлье” гэж дагагчдадаа уриалсан юм.
Баасан гарагт Илон Маск Твиттерийн шинэ эзэн болохоос өмнө Твиттерийн захирал тэргүүтэй хэд хэдэн өндөр албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлсөн. Ингэж энэ оны 4-р сараас хойш үргэлжилсэн маргааны үр дүнд Илон Маск санасандаа хүрсэн ч Твиттерийн цаашдын хувь заяа яах вэ гэдэг асуулт гарч ирсэн. Илон Маск Твиттер дээр маш идэвхтэй байсаар ирсэн ба "үг хэлэх эрх чөлөө”-г эрхэмлэдэг нэгэн. Тиймдээ ч 2020 оны 1-р сард Капитолд болсон үймээнд Доналд Трампыг буруутган, твиттерийн эрхийг нь хаасан явдлыг хүчтэй эсэргүүцдэг. Доналд Трамп тэргүүтэй хэд хэдэн эрхмүүдийн твиттер эрхийг нээх тухайгаа Илон Маск хэдэнтээ илэрхийлж байсан. Түүнчлэн Илон Маск твиттерийг үзэн ядах, ялгаварлан гадуурхах өнгө аяс давамгайлсан орон зай болгохыг хүсэхгүй байгаагаа хэлж байсан удаатай. Гэвч нөгөө талд, эрхээ хаалгуулсан хүмүүсийн твиттер хаягийг буцааж нээснээр твиттер утгаараа үзэн ядалт, түрэмгийлэл дагуулсан орон зай болох вий гэсэн айдас олон нийтийн дунд хэдийнэ үүсжээ. Үр дүнд нь Европын холбооноос “Европ дахь шувуу Европын Холбооны дүрэм журмын дагуу ниснэ” гэж мэдэгдсэн байна. Компанийн тухайд томоохон албан тушаалтнуудыг чөлөөлсөн явдал цааш ажилчдыг солиход нөлөөлөх магадлалтай талаар гадны хэвлэлүүд бичиж байгаа. Тодруулбал, нийт ажилчдын 75 хувийг цомхотгоно гэсэн таамаглалууд өмнө нь гарч байсан ч одоогоор тодорхойгүй байна. Харин тэрээр Твиттерийн дотоод журам, чиглэлд томоохон шинэчлэлт хийж магадгүй байгаа юм.