Өмнөх сонгуулийн үеэр гарсан ноцтой ослоос үүдэж, хэвлэл мэдээллийн хоёр ажилтан амиа алдсан байдаг. Энэ золгүй явдлын дараа тухайн үед жолоо барьж явсан “Ноцтой мэдээ” сонины эрхлэгч, яруу найрагч Д.Галсансүх хоригдож байв. Түүний хувьд, “хүний эрхэнд нэг минут ч байх хэцүү” талаар хэлж, хэргийн талаар ярилаа.
-Та эрх чөлөөний сэдэвтэй шүлэг их бичдэг. Эрх чөлөөгөө хязгаарлуулсан тэр явдалд их эргэлзээ тээж яваа санагддаг. Энэ талаар яриач?
-Амьдралынхаа 20 жилийг шүлэг яруу найраг, уран зохиол гэхээсээ илүү сэтгүүл зүйд зориулж, шүүх цагдаагийн хаалга татаж, амьтан хүнд рэкетлүүлж, зодуулж нүдүүлж, есөн шидийн юм үзэж өнгөрүүлсэн.
Хүний эрхэнд нэг минут ч байх хэцүү шүү дээ. Бид үүнийг мэдэрдэггүй. Одоо бүгдээрээ сайхан эрх чөлөөтэй сууж байна. Тийм болохоор мэдрэхгүй. “Би нэг бие засъя. Хоол идэж болох уу” гээд л. Тэр болгон чамд хоол өгөхгүй. Хүн бол эрүүл мэнд эрх чөлөө хоёроо л алдаж болохгүй юм билээ гэдгийг л маш сайн ойлгосон.
-Та хоригдож байхдаа бодогдож, эргэцүүлж, анзаарсан зүйл их байх?
-Хоригдож байхад тэнд дан залуучууд байсан. Ер нь нийт хоригдож байгаа хүмүүсийн 20 хувь нь залуучууд байна билээ. Тэнд орсон хүн болгон л “би буруугүй” гээд явж байгаа. “Буруугүй байсан чинь намайг авчраад хорьчихсон” гээд л. Буруутай нь ч байгаа. Буруугүй нь ч байгаа. Ингээд харахаар монгол орноо их шоронжуулж байна даа гэж эмзэглэж, харж явсан. Энэ маш харамсалтай. Энэ хорвоод сайн хүн олон байгаа учраас, “би нэг нүгэл хийчихгүй юм сан, алдаа дутагдал гаргахгүй юм сан” гэж боддог хүн олон байгаа учраас энэ хорвоо тэсээд байгаад байгаа юм шүү дээ.
-Яагаад тэр хэрэг гарсан юм бэ? Гадны нөлөөтэй гэж та боддог уу?
-Тэр золгүй явдал болсны дараа “Мандахбаярын нууц аллага” гэдэг нэртэй хуудас гарсан байна билээ. Энд миний мэдээгүй зүйлийг их бичсэн байгаа юм. Тэр байтугай талийгаачдын нэгийг өөд болохоос нэг, хоёр хоногийн өмнө утсаар, “Чи үхнэ шүү. Чамд муу юм тохиолдоно шүү” гээд заналхийлж байгаа утасны бичлэгийг нь хүртэл тавьчихсан байна билээ. “Мандахбаярын нууц аллага” гээд хуудас гарсны дараа би эзнийг нь олж өгөөч, яасан их юм мэддэг юм гээд цагдаад хүртэл өргөдөл өгөөд л хөөцөлдөж явсан. Цагдаа, “техникийн хүчин чадал хүрэхгүй байна” гээд л олж өгөхгүй гэсэн хариу өгсөн. Ингээд байхаар хүн бас бачуурдаг юм билээ.
Манай цагдаагийн арга барил бол дуудаж уулзаад,
-Та хулгай хийсэн үү?
-Би хулгай хийгээгүй
-Хулгай хийгээгүй гэнэ ээ гэсэн ийм арга барилаар ажиллаж, мэдүүлэг авчихлаа гэдэг хариулт өгдөг юм билээ.
-Та тэгэхээр өнөөдрийг хүрэл сэжиглэж хардаж явдаг байх нь ээ.
-Үүнийг сэтгүүлчид сурвалжлахад гэмгүй.
-Ингэхэд та бараг 40 жил шүлэг бичив үү?
-Би шүлэг, зохиол, яруу найргийг хар багаасаа сонирхож, 10 настайгаасаа бичиж эхэлсэн. Уран зохиол маань одоог хүртэл надтай хамт явж л байна. Энэ бол миний амьдрал гэж боддог юм. Амьдралаа золиослох үйл явц гэж ойлгодог. Хажуугаар нь үүнийгээ мөнгө болгох хэрэгсэл болговол бас л утгаа алдана. Нэг удаа манай Нисваанис хамтлагийн Энх-Амгалан надад уурласан шүү дээ. “Чи биднийг, Нисваанис” хамтлагаа хаяад “Ноцтой мэдээ” сонин гээд, гандангийн хүрдэн дээр хүүхдээ хаяад, өргөж авах нь аваарай гэдэг шиг хаяад явсан” гээд л. Хэсэг хөндийрсөн ч бичсээр л байна.
-Та том гүрнүүд дунд байгаа жижиг улсын иргэд үндсэрхэг үзэлтэй байх хэрэгтэй гэж ярьсан байна билээ. Энэ талаараа тодруулаач?
-Залуусыг үндсэрхэг үзэл, эх оронч үзэл гэж тусдаа ойлголт юм шигээр мунхруулаад байгаа. Үнэндээ эх орноо хайрлах нэг л зүйл. Байх хэрэгтэй гэж боддог.
Одоо юм л бол “Монгол эр хүн муухай, архичин, залхуу, заваан” гээд есөн шидээр нь эрчүүдээ гутаан доромжилж байна шүү дээ. Эр хүнгүй болоод өмнөд хөршөөсөө залуучууд дуудаад, хүүхэд төрүүлээд байгаа гэж энэ 30 жилийн хугацаанд ойлгоод байгаа. Монгол эрчүүдээ дандаа голсон, чамласан байдалтай байдаг.
“Монголын радио чинь өглөө болгон Хятадаар мэндэлчихлээ. Үхэх болоогүй юу” гээд л асууж байна. Би ойлгоод байгаа юм. Өнгөрсөн жилийн хугацаанд өмнөд хөрштэй хил чөлөөтэй болсноос хойш манай монгол бүсгүйчүүд маш сайхан эрлийзэжсэн, үр хүүхдийг нь их төрүүлсэн. Тэр хүүхдүүд өнөөдөр 30 нас хүрч байна.
-Хүүхэд гэснээс таны том хүүг би мэдэх юм байна. Аавыгаа их санаж ярьдаг байсан. Та хэр сайн аав бэ?
-Ер нь үр хүүхэд гэдэг үүрнээсээ нисээд явдаг шувуу л гэж боддог юм. Хүүхдийг хэтэрхий их эрхлүүлэх хэрэггүй гэж би боддог. Хэтэрхий өөртөө дасгах хэрэггүй гэсэн үг. Яагаад гэхээр чи таван минутын дараа гэнэт үхэж мэднэ. Бид ирээдүйгээ мэдэхүй. Үлдэж байгаа нь зовдог юм. Үлдэж байгаа нь зовохгүй.
-Үхэж үзээгүй байж, үлдэж байгаад нь л хэцүү байдаг гэж та яаж мэдэж байна вэ?
Үхээд ер нь яадаг вэ? гээд л номнууд бас байна. Яах вэ дээ. Сайхан лам ирж ном уншаад бизнес хийж байна. Энэ үхэл бас олон хүнийг тэжээж байгаа юм. Лам, эмч гээд маш олон хүнийг тэжээж байна шүү дээ. Мэргэшиж авс хийдэг оршуулгын газар хүртэл байна. Нэгнийгээ үхэхэд нүхийг нь ухаад цалин аваад амьдарчхаж байна. Ердөө л энэ.
-Тантай ярилцах таатай байлаа.