Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Энэхүү хурлаар сүүлийн үед Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдрал өдрөөс өдөрт дордож байгаа асуудалд дорвитой арга хэмжээ авч, шийдвэрлэж өгөх саналыг Засгийн газарт хүргүүлсэн юм.
Монгол улсад 108,000 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 50 орчим хувь нь нийгмийн халамжийн тэтгэмжээр амьдардаг байна. Тэдний нийгмийн халамжийн тэтгэмж нь 188,000 төгрөг байдаг бөгөөд цар тахлын үед 100,000 төгрөгөөр нэмэгджээ. Гэвч энэхүү нэмэгдэл нь энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл олгогдох юм.
Тиймээс энэ нэмэгдлийг хэвээр үлдээх цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн тэтгэмжийг 450 000 төгрөгт хүргэж тогтоох асуудлыг шийдвэрлэж, 2023 оны улсын төсөвт тусгах тухай хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос шаардлаа.
Иймээс Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийн Хороо 108000 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнөөс Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн Газарт дараах саналыг хүргүүлж байна.
Үүнд:
1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн тэтгэмжийг 450 000 төгрөгт хүргэж тогтоох асуудлыг шийдвэрлэж, 2023 оны улсын төсөвт тусгах.
2. Хөгжлийн бэрхшээлтэй Хүний эрхийн тухай хуулийн “25.2: Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг халамжийн, түрээсийн ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон аймаг, нийслэлийн Засаг даргын жил бүрийн төсөвт тусгана” гэж заасны дагуу 2023 оны улсын төсөвт шаардагдах хөрөнгийг тусгаж, хуулийн хэрэгжилтийг хангах.
3. Хөгжлийн бэрхшээлтэй хүний өмнө тулгамдаж байгаа асуудлууд нь зөвхөн нийгмийн хамгааллын салбарын хүрээнд хязгаарлагддаггүй бөгөөд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, нийтийн тээвэр гэх мэт нийгмийн бүх хүрээг хамардаг тул одоогоор Хөдөлмөр Нийгэм Хамгааллын Яамны харъяанд байгаа Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газрыг Монгол Улсын Ерөнхий Сайдын харъяалалд шилжүүлж, салбар дундын зохицуулалт хийж ажиллах боломж нөхцлөөр ханган ажиллуулах саналтай байна. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэж бид бүхэнтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна.