Өнөө жилийн бүжгийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын хамтлагууд түүхэн амжилт гаргалаа. “Moon dance” хамтлаг Монголоос анх удаа дэлхийн дэд аварга болж, мөнгөн цом хүртсэн бол “Star” хамтлаг IV байрт шалгарсан нь яах аргагүй бахдам амжилт. Монголын хоёр хамтлаг финалд шалгарсан нь мөн анхных. Бид “Star” хамтлагийн бүжигчин Ё.Дамчаабадгартай ярилцлаа. Тэрбээр “Төр засгаас бодлогоор дэмжээд өгвөл Монголын хамтлаг дэлхийн аварга болоход ойрхон байна” гэж онцолсон юм.
-Дэлхийн аваргад амжилттай оролцсон та бүхэнд баяр хүргэе.
-Маш их баярлалаа. Энэ удаагийн дэлхийн аваргад Монголын хоёр баг финалд шалгарч, манай улсын бүжгийн спортын түүхэнд түүхэн үйл явдал тохиолоо. Өмнө нь “Moon dance” шилдэг зургаан хамтлагийн нэгээр шалгардаг, “Star” хамтлаг VII юм уу VIII байрт ордог байв.
Энэ удаа хоёулаа онцгой байж чадсан учраас II, IV байр эзэллээ. Үүний сацуу Монгол Улс чансаагаараа дэлхийд II байрт шалгарсан нь бахдам амжилт. Олон, олон түүхэн амжилт гаргасан Монголынхоо бүжигчдээр бахархаж байна. Монгол Улсынхаа нэрийг дэлхийн аваргад өндрөөс өндөрт гаргасан “Moon dance”, “Хатантуул”, “Star” хамтлагийнхандаа баяр хүргэе.
МАНАЙ ХАМТЛАГИЙН 70-80 ХУВЬ НЬ ШИНЭ БҮЖИГЧИД БАЙЛАА
-Танай хамтлаг энэ удаагийн дэлхийн аваргад шинэ бүрэлдэхүүнтэй оролцсон. Богино хугацаанд тамирчдаа бэлдэх, ойлголцоход хүндрэл хэр гарсан бол?
-“Star” хамтлагийн 70-80 хувь нь шинэ бүжигчид байлаа. Ихэнх нь бүжгийн спортоор хичээллээд жил, зарим нь 4-5 сар болж байгаа. Дэлхийн аваргад анх удаа өрсөлдсөн олон бүжигчин бий. Бидний дунд шүдний эмч, IT зэрэг төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс байлаа. Биднийг богино хугацаанд нэгтгэж, дэлхийн хэмжээний бүжигчин болгож бэлтгэсэн хоёр дасгалжуулагчаараа бахархаж байна. Дасгалжуулагч хүнээс маш их мэдрэмж, авьяас, ур чадвар шаардсан нь ойлгомжтой. Батсайхан багш бидэнтэй үнэхээр сайн ажилласан, бэлдсэн. Дэлхийн шилдэг “Grun gold” хамтлагийн гишүүн Н.Онондарь багш ямар мундаг юм бэ. Нэгхэн сарын дотор манай хамтлагийнхныг сэтгэл зүйгээр нь ингэж өөрчилж, дэлхийн хэмжээнд хүргэж болдгийг харлаа.
-Дэлхийн аваргад ямар нэгэн алдаа гаргалгүй бүжиглэсэн хоёр хамтлагийн нэг нь “Star” гэж сонссон. Үнэн үү?
-Үнээн. Дэлхийн аваргад бүжиглэхдээ ямар нэгэн алдаа гаргаагүй хоёрхон хамтлаг байсан. Нэг нь манай “Star”, нөгөө нь “Grun gold”.
-Ямар нэгэн алдаа гаргаагүй атлаа яагаад IV байрт оров. Алдаа, оноогоо хэрхэн дүгнэж байна вэ?
-Бид ур чадвар, авьяасаар дэлхийн ямар ч хамтлагаас дутахгүйг харлаа. Бэлтгэл, төр засгийн дэмжлэг гээд олон зүйл үүнд нөлөөлсөн байх. Магадгүй төрөөс, МҮОХ-ноос бодлогоор дэмжээд өгчихвөл Монголын хамтлаг дэлхийн аварга болоход ойрхон байна.
Нээрэн, дэлхийн аваргад оролцох үеэр мэргэжилтнүүд манай хамтлагийг Оросын алдарт “Вера” хамтлагтай зүйрлэж магтсан.
МЭРГЭЖИЛТНҮҮД “STAR”-ЫГ ОРОСЫН АЛДАРТ “ВЕРА” ХАМТЛАГТАЙ АДИЛТГАЖ МАГТСАН
-Энэ талаар тодруулахгүй юу?
-Энэ жилийн дэлхийн аваргад Оросын хоёр баг оролцоогүй. Алдарт “Вера” хамтлаг өнжсөн. Финалд шалгарсны дараа “Энэ жилийн дэлхийн аварга сонирхолтой болж байна. Учир нь Оросын “Вера” хамтлагийг маш их санаж байна. Оросын хүчирхэг хамтлагийг санагдуулам өрсөлдөгч нь танай “Star” хамтлаг байлаа. Үнэхээр “Вера”-г орлох хэмжээний өрсөлдөхийг нь бид харлаа. Сайхан байна” гэсэн. Мэргэжилтнүүдийн тийм үнэлэмж бидэнд асар их хүч өгсөн, ур чадварыг маань үнэлсэн үнэлэмж боллоо.
-Та “Star” хамтлагт хэзээнээс бүжиглэж байгаа билээ?
-Би хамтлагтаа энэ оны гуравдугаар сараас хойш бүжиглэж байна. Хамгийн шинэ тамирчин нь, би. Өмнө нь цагдаагийн ерөнхий газрын“Сүлд” чуулгад бүжиг дэглээчээр ажиллаж байв. Одоо “D dance” гээд контемпорари бүжгийн компаниа нээгээд ажиллаж байна. Би энэ жилийн дэлхийн аваргын үзүүлбэрийн гол дүрийн DJ залуугийн ролийг үзүүлсэн.
МАНАЙ ХАМТЛАГИЙГ ТӨР ЗАСГААС ОГТ ДЭМЖДЭГГҮЙ
-Төр засгаас бүжгийн спортыг, танай хамтлагийг хэр сайн дэмжиж байна вэ?
-Манай хамтлагийг лав огт дэмждэггүй. Жилийн жилд ийм л байсаар ирсэн. “Moon dance”-ыг дэмждэг эсэхийг би мэдэхгүй.
-Энэ жил дэлхийн аваргад оролцох зардлаа хэрхэн зохицуулсан бэ?
-Бүх бүжигчид хувиасаа гаргасан.
-Нэг хүнээс хэдий хэмжээний зардал гарав?
-Долоон сая төгрөг.
-Дэмжлэг хүсээд харьяа байгууллагадаа хандахаар ямар хариу өгдөг вэ?
-Соёлын яаманд хандахаар “Наадах чинь бүжгийн урлаг биш спортын төрөл. Тиймээс Спортын газарт ханд” гэдэг. БТСУХ, МҮОХ дээр очихоор “Бид жүдо, чөлөөт бөх, боксоо яая гэж байна. Юун бүжиг вэ. Нэг баг 16-20 хүний бүрэлдэхүүнтэй спортыг дэмжих хэцүү гээд олон асуудал ярьдаг, дэмждэггүй. Тиймээс бүжгийн спортыг урлаг, бүжиг, спорт гээд бүх талаар нь давхар хөгжүүлээд, аль аль салбарт нь багтаагаад явбал зүгээр санагддаг.
Ярилцлагын видео хувилбарыг дээрээс үзнэ үү.