Тус эмнэлэг БНСУ-ын Сөүлийн их сургуулийн Анагаах ухааны сургууль, JW LEE Даяаршлын Анагаах Ухааны Төвтэй хамтран Монгол улсад хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын тусламж үйлчилгээний чадавх, чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулан урт удаан хугацаанд үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа билээ.
Энэ үйл ажиллагааны хүрээнд тус эмнэлэгт аравдугаар сарын 16-23-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн Хүүхдийн зүрхний мэс засалч Ким Үн Хан профессороор ахлуулсан зочин профессорын баг хүрэлцэн ирж, тус эмнэлгийн хүүхдийн зүрхний мэс заслын багтай хамтран ажлын байрны мэс засал сургалт зохион байгуулж, зүрхний төрөлхийн гажиг оношлогдсон бага насны хүүхдүүдэд хамтарсан багаар мэс заслын тусламж үйлчилгээг амжилттай үзүүллээ.
Хамтарсан баг энэ удаа нийт 95 хүүхдэд үзлэг оношилгоо хийж, үүнээс уушгины венийн бүтэн буруу оролт, гол судасны нумын гажиг, Эбштейн гажиг, ховдол тосгуурын нэгдсэн суваг, уушигны артерийн хавхлагын гажиг зэрэг хүүхдийн зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн гажиг оношлогдсон 45 хоногтойгоос 16 нас хүртэлх насны нийт 9 хүүхдэд төгс мэс заслын эмчилгээг амжилттай хийсэн бөгөөд энэ удаагийн мэс засалд хагас цусны зохиомол эргэлтийн шинэ арга технологийг түлхүү ашигласны зэрэгцээ зарим дотоод гадаадын эмнэлгийн байгууллагуудад өмнө нь мэс засалд ороод үр дүнгүй байсан хүүхдүүдэд давтан мэс засал хийж, эмчилгээний асуудлыг бүрэн шийдвэрлэж өглөө.
Мөн ажлын байрны мэс засал сургалтыг нийт эмч мэргэжилтнүүдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор мэс заслын явцыг бодит цагаар Head Lamp ашиглан мэс заслын өрөөнөөс сургалтын өрөөн дэх эмч нарт хүргэх байдлаар сургалтын дэвшилтэт арга техникийг ашиглаж зохион байгууллаа.
Эх сурвалж: Улсын гуравдугаар эмнэлэг