Уншигч та автобусаар зорчихдоо ихэвчлэн юу хийдэг вэ. Ном унших, гадаад үг цээжилхээс өөрөөр үр бүтээлтэй өнгөрүүлж чаддаг уу. Ер нь тэгэх боломж хомс. За, тэгээд юун ном унших манатай. Автобусанд шахцалдаад юу болдог билээ дээ.
Тэгвэл автобусаар зорчихдоо монгол бичгээр бичсэн урмын үгс уншиж, үг, үсэг цээжлэх боломжтой болсон гэвэл уншигч та итгэх үү. “Оюут” урланг үүсгэн байгуулсан Р.Эрдэнэболор, Б.Оюунчимэг нар жолооч Б.Амаржаргалын хүсэлтээр автобусыг нь монгол бичгээр бичиж, чимэглэж өгсөн нь хүмүүст тийм боломж, ая тухтай орчинг бүрдүүлжээ. Нийгэмд эерэг давлагаа үүсгэн, эх хэл, өв соёлоо хайрлан, хүндлэхийг үлгэрлэсэн Р.Эрдэнэболор, Б.Оюунчимэг нартай ярилцлаа.
-Автобус чимэглэх, монгол бичгээр бичих санаа та хоёрт хэрхэн төрөв?
-Автобусны жолооч Б.Амаржаргал эгч анх Болороо бид хоёртой утсаар холбогдож, автобусондаа монгол бичиг бичүүлэх санал тавьсан. Бид хоёр их эергээр хүлээж аваад “Тэгье. Боломжтой үедээ бичиж өгье” гэсэн.
Урлангийн нээлт энэ тэр гээд үнэндээ зав гараагүй. Тэгээд ямар ч байсан завчилж байгаад өнгөрсөн даваа гаригт бичлээ. Өглөө 11.00 цагт очоод 23.00 цагт дууссан. Автобусанд монгол бичгээр үг, үсэг бичиж, чимэхлэхэд 12 цаг зарцууллаа.
Бид хоёрыг очиход автобусны жолооч эгч шугмаа чөлөөлөөд зогсчихсон байсан. Бичиж эхлээгүй байхад л “Ямар гоё юм бэ. Хурдан дуусаасай” гээд догдолсон. Монгол бичиг, хэл соёлоо тэгж их хайрлаж, хүндэлж байгаа нь бид хоёр үнэхээр сайхан санагдлаа.
-Автобусанд монгол бичгээр бичихэд хүндрэлтэй зүйл багагүй гарсан нь мэдээж. Зогсож байгаад бичихээс авхуулаад.
-Тэгэлгүй яах вэ. Автобус чимэглэхэд зогсож байгаад бичлээ. Бүр таазан дээр гэдийгээд бичсэн хэсэг ч байгаа. Муутуун дээр бичих, автобусны доторх гадаргуун бичих шал өөр. Тэс өөр техник шаардлаа.
-Монгол бичгийн бүх үсгийг бичсэн үү?
-Тэгэх боломж байгаагүй. Зай талбайндаа тааруулаад заримыг нь төлөөлүүлээд бичлээ.
-Онч, холбоо үгсийг сонгохдоо юуг нь онцолж чухалчлав?
-Хүмүүст урам зориг өгөх, сэтгэлийг нь сэргээх үгнүүдийг голчлон бичсэн байгаа. “Жинхэнэ эрдэнэ зүрхэнд буй”, “Өдөр бүр хүний сайнтай учраг” гэх мэт. Мөн дурсамжийг нь сэдрээхээр үгнүүдийг онцоллоо. Анхны бороо, цагаан цас гэх мэт үгсийг уншаад олон хүний дурсамж хөвөрч байгаа нь мэдээж. Тэр өдрийн эрх хүчийг нь бэлэглэхийн тулд “Танд амжилт хүсье” гэж бичлээ.
-Автобусанд ингэж бичсэний тань гол зорилго юу вэ?
-Хэрвээ монгол бичиг үзэж байгаад мартсан хүн байвал эдгээр бичсэн үсэг, үгсийг уншаад сэргээх боломжтой. “Үгийн эхэнд энэ үе нээрэн ингэж ордог шүү дээ” гээд. Тухайн автобусаар зорчсон хүмүүс нэг ч болтугай үсэг, үг сураад буувал хэчнээн сайхан бэ. Эхлээд үсгээ сурчихаад урмын үгнүүдийг үелээд дараа нь уншиж сурвал бид автобусанд бичсэний зорилго ер нь биелнэ дээ.
-Цаашид үүнийгээ үргэлжлүүлэх үү. Өөр автобусыг ч юм уу чимэглэж, монгол бичгээр бичих үү?
-Автобус чимэглэснээс хойш бид хоёрт тийм санал маш их ирж байгаа. Автобусанд, албан өрөөндөө, хүлээлгийн танхимд монгол бичиг бичүүлье гэсэн санал ирсээр байна.
Бид хоёр урлангаа ажиллуулан, хичээл заадаг. Автобус, албан байгууллагуудыг чимэглээд явах цаг зав бид хоёрт төдийлөн гардагхгүй. Хэдий тийм ч бичүүлэх санал ирсээр байх юм бол бийрэн бичлэг бичдэг найз нөхөдтэйгөө хамтраад энэ давлагааг цаашид үргэлжлүүлнэ.
Р.ЭРДЭНЭБОЛОР: УРЛАНГАА МОНГОЛ АХУЙГАА ШИНГЭЭН ТОХИЖУУЛЛАА
Мөн Р.Эрдэнэболор “Хоёулаа энэ автобусыг л гоё чимэглээд өгчихье. Зорчсон хүмүүс монгол бичиг сурвал, монгол бичгээ сурталчилж чадвал хэчнээн сайхан бэ” гээд бичсэн байхгүй юу. Ингэж цахим орчинд түгнэ, хүмүүст ийм их хүрнэ гэж бодоогүй.
“Оюут” урлангаа энэ оны аравдугаар сарын 2-нд найзтайгаа нийлээд байгуулсан. Бид хоёр Төрийн бичээч Алтантуяа багшийн шавь нар.
Манай урлан монгол бичгийн анхан шатны, бийрэн бичгийн сургалт явуулдаг. Хажуугаар нь монгол бичгээ сурталчлах зорилгоор өдрийн эвент зохиож байгаа.
Бид монгол ахуйгаа шингээн урлангаа тохижуулсан. Хүмүүс олбогон дээр суугаад бийрээр монгол бичгээ бичин, айргаа ууж, хольсон тос идээд сурах боломжтой. Залуучууд монгол бичгээ сураад, үр хүүхэддээ үлгэрлээд явах үнэхээр чухал. Эх хэл, монгол бичиг бол бидний тээж явах учиртай, тасалдуулж болохгүй өв соёл. Тиймээс монгол хүн бүхэн монгол бичгээ сурах хэрэгтэй. Бүгдээрээ сураарай гэж уриалъя” гэлээ.