БНСУ-ын нэр хүндтэй банкинд урилгаар ажиллаж, ажлын карьераа амжилттай босгож ирсэн Монгол залууг бид онцолж байна. Хосбаатарын Баясгалан сүүлийн 11 жилийн хугацаанд БНСУ-д ажиллаж амьдарч байна. Үүнээс сүүлийн есөн жилд нь Солонгосын санхүүгийн зах зээлд хүч сорьжээ. Тухайлбал, Х.Баясгалан БНСУ-ын нэр хүндтэй “ҮРИ” санхүүгийн группын төв банкинд ажиллах урилга авчээ.
Улмаар, Үри банкны бүтээгдэхүүн хөгжүүлэлт, гадаад иргэдийн бизнесийн хэлтэст ажиллаж, туршлага хуримтлуулсан байна. Харин одоо тэрбээр монголын аж ахуйн нэгж компаниудыг БНСУ-ын хөрөнгийн зах зээлд нэвтрэх боломжийг нээж өгөх үүднээс өөрийн компаниа байгуулаад байна. Түүнийг Монголд ирж, харилцагч, бизнесийн түншүүдтэйгээ уулзах үеэр нь ярилцлаа.
СОЛОНГОСТ САНХҮҮГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХИЙН ТУЛД
ӨӨРИЙГӨӨ ТАЛ БҮРЭЭР ХӨГЖҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭСЭН
Монголд Мандах их сургуулийг банк санхүүгийн чиглэлээр суралцаж төгссөн. Төгсөөд БНСУ-ыг зорихдоо олон том зорилго тээж байсан. Мастерийн зэргээ БНСУ-ын Гачон их сургуульд Санхүүгийн удирдлага мэргэжлээр хамгаалсан. Ингээд ажлын гараагаа ХААН банкны Сөүлийн төлөөлөгчийн газраас эхлүүлж, “ҮРИ” Санхүүгийн группийн Төв Банкинд орлогч менежер, ‘Пүш групп’-ын хөрөнгө удирдлагын хэлтэст хувьцааны шинжээчээр ажилласан. 2011 оны намрын улиралд Солонгос улсад хэлний бэлтгэлд суралцахаар ирж байсан. Тухайн үед зөвхөн Мастерийн хөтөлбөрөө дуусгаад буцаад Монгол явж ажиллаж, амьдрах бодолтой байсан ч СМОХ буюу “Солонгос дахь Монгол Оюутны Холбоо” болон ‘Төгсөгч Оюутнуудын Холбоо”-ноос жил бүр хамтран зохион байгуулдаг семинарт оролцож , дээд ангийн ах эгч нартайгаа танилцсанаар миний амьдралын төлөвлөгөө их өөрчлөгдсөн л дөө. Хэлний бэлтгэлд байхдаа өглөөний 9-13 цаг хүртэл хичээлдээ яваад, тарсны дараа сургуулийн ойролцоо пицца, тахианы газар цагийн ажил хийдэг байлаа. Ингэж байж л төлбөртөө нэмэрлэж, цаашид сурч хөгжих боломжуудаа нээсэн.
Солонгос дахь Монгол Оюутны Холбоонд ажиллаж байсан үе минь их туршлага болсон. Энэ хугацаанд оюутан болон төгсөгч залуусыг холбосон олон өдөрлөг зохион байгуулдаг байсан юм. Зорилго нь манай залуус сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ эндэхийн томоохон компаниудад ороосой гэсэн хүсэл байсан. Энэ нь манай холбоонд байдаг бүх л залуусын хүсэл болов уу. Түүнчлэн 2017 оноос хойш зөвхөн Ази сэтгэлгээ бус Глобал хэмжээнд сэтгэх хүслийнхээ төлөө TEDxDongdaemun өдөрлөгийг TED сангаас тухай бүр албан ёсны зөвшөөрөл авч хийсэн. TEDx өдөрлөг нь гадаад хүний хувьд Солонгост зохион байгуулсан анхны өдөрлөг байсан.
МОНГОЛ КОМПАНИУД БНСУ-ЫН ХӨРӨНГӨ ЗАХ ЗЭЭЛД НЭВТРЭХ БОЛОМЖ БҮРДҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
БНСУ-ын томоохон банк санхүүгийн компанид ажилласан залуу мэргэжилтэн Х.Баясгалан Солонгосын хөрөнгийн зах зээлийн боломжийг бизнес эрхлэгчдэд нээж өгөх зорилгоор “QUANT PE" компаниа байгуулжээ. Энгийнээр тайлбарлавал уг компани нь дотоодын ААН-үүдийг Солонгосын зах зээлээс хөрөнгө оруулалт татахад нь гүүр болох аж. Тэрбээр компанийнхаа тухай ярихдаа “Манайх хөрөнгийн удирдлага хийдэг менежментийн компани. БНСУ-ын хөрөнгийн зах зээл, хувьцааны зах зээл дээр төвлөрнө. Өнөөдрийн байдлаар, Солонгосын хөрөнгийн зах зээл Азидаа эхний 10-т бичигдэж, хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ нь 2,7 триллион долларт хүрээд байна. Нийт 2500 гаруй компани гурван зах зээл дээр хуваарилагдан ажилладаг. Инфляц өсөж, хөрөнгө оруулалтын өгөөж буурч байгаа энэ үед Монголын компаниуд солонгос улсын хувьцааны зах зээл дээр гарах боломжийг л бид олгохоор зорьж байна. Манай улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5 их наяд төгрөг давсан. 180 гаруй компани хувьцаагаа нээлттэй арилжаалж байна. Бид том зах зээл рүү нэвтрэх боломж өргөн байна” гэлээ.
Ийнхүү Монгол залуу БНСУ-ын нэр хүндтэй санхүүгийн компаниудад ажиллаж, улмаар Монголын ААН-үүд Солонгосын хөрөнгийн зах зээлд нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байна.
Видео ярилцлагыг дээрээс үзнэ үү.