Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, улсын алдартай гавъяат уран зохиолч Сономбалжирын Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тэрбээр 1902 онд хуучин Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Бор хурууны бууц хэмээх газарт мэндэлсэн.
С.Буяннэмэх 1930-аад оны үед Монголын тогтмол хэвлэлд нийтлэл, өгүүлэл, тэмдэглэл, сурвалжилсан тэмдэглэл зэрэг бичлэгийн төрөл, зүйлээр анхлан бичиж, түүнийг төлөвшүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж, найруулал, сурвалжилсан тэмдэглэл анхлан бичиж байжээ.
Тэрбээр сонин хэвлэлд өөрөө үлгэрлэн бичихийн зэрэгцээ идэвхтэн бичигчдэд зөвлөгөө өгч, материал бичүүлэн, тэдэнд гарын авлага болох зөвлөмж бичиж нийтлүүлдэг, Монголын хувьсгалт хэвлэлийн нийтлэлд утга зохиол, урлагийн шүүмж судлалын өгүүлэл бичдэг байв.
Түүний уран бүтээл олон талтай, баялаг агуулгатай байсан бөгөөд яруу найраг, үргэлжилсэн зохиол, жүжиг, уран зохиолын болон театрын шүүмж, судлал, сэтгүүл зүйн салбарт өгүүлэл, найруулал, тэмдэглэл, сурвалжилсан тэмдэглэл зэрэг олон төрөл, зүйлийг хамран бичдэг авьяаслаг зохиолч, сэтгүүлч байсан бөгөөд түүний бүтээлүүд “Монголын шинэ уран зохиол, хувьсгалт хэвлэлийн үүсэл хөгжилд чухал хувь нэмэр оруулж, ард түмнийг хувьсгалт үзэл санаагаар ухуулан сэнхрүүлэхэд ихээхэн ач тусаа үзүүлсэн хэмээн үздэг.
Улсын бага хурлын тэргүүлэгчид ба Ардын сайд нарын зөвлөлийн гишүүдийн 1935 оны есдүгээр сарын 25-ны өдрийн хамтарсан хурлын шийдвэрээр түүнд “Улсын Алдартай Гавъяат уран зохиолч” цол олгосон юм.
С.Буяннэмэхийн мэндэлсний түүхт ойг тохиолдуулан түүний амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Хуучир хуучилсан хууч” жүжгийг Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрт тоглоно.
“Хуучир хуучилсан хууч” жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулж, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дашням, тайзны зураачаар Драмын улсын театрын ерөнхий зураач Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Ганхуяг нар ажиллажээ.
“Хуучир хуучилсан хууч” жүжгийн талаар тодруулахад “Нэрт соён гэгээрүүлэгч, Их бичгийн хүн, уран зохиолч С.Буяннэмэх гуайн мэндэлсний 120 жил, дуу хуурын өлгий нутаг Дундговь аймагт соёл, урлагийн салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ой мөн энэ онд тохиож байгаа. Түүхэн ойн хүрээнд С.Буяннэмэх гуайн амьдрал, намтар, уран бүтээлээс сэдэвлэн, Дамбын Төрбат гуайн зохиолоор “Хуучир хуучилсан хууч” түүхэн драмын жүжгийг Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын тайзнаа тоглоход бэлэн боллоо. Жүжгийн бэлтгэл ажлаа бид хоёр сарын хугацаанд хангалаа. Аравдугаар сарын 22, 23-нд 18.00 цагт манай аймгийн театрын тайзнаа “Хуучир хуучилсан хууч” жүжгийн нээлтийн тоглолтоо өргөн барина.
С.Буяннэмэх гуайн зохиол бүтээлүүдээс “Харанхуй засаг” алдарт жүжгийг тавьж байсан түүхтэй. Энэ удаа энэ эрхэм хүмүүний өөрийнх нь амьдралаас сэдэвлэсэн жүжгийг тавих гэж буйгаараа онцлогтой. Энэ жүжгийг Улбаанбаатарт тоглох эсэх одоогоор тодорхойгүй байна.
С.Буяннэмэх гуайн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэх хүрээнд түүний амьдрал, уран бүтээлийг нийтэд сурталчлан таниулах, алдар гавьяаг нь мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор Соёл урлагийн байгууллагууд, аймаг, сумын ЗДТГ, сургуулиуд хамтран хэд хэдэн томоохон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн.
Энэ сарын 21-нд аймгийн бүх сургуульд монгол хэл, уран зохиолын хичээлийг “Их зохиолчийн нэрэмжит” болгон хичээл зааж, сурагчдад таниулах, Дэлгэрхангай суманд түүний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Мөн хөшөөнд нь цэцэг өргөн хүндэтгэх, аймгийн музейд “Алдарт гавьяат уран зохиолч С.Буяннэмэхэд зориулсан танхим” нээх, Төв номын санд 120 жилийн ойд зориулан гаргасан номын нээлт, эрдэм шинжилгээний хурал болно” гэлээ.
“ХУУЧИР ХУУЧИЛСАН ХУУЧ” түүхэн драмын жүжгийн баг:
Продюсер – МУУГЗ Дэлгэрийн Доржсүрэн
Зохиолч – Төрийн шагналт, МУСГЗ Дамбын Төрбат
Ерөнхий найруулагч – МУУГЗ Чойнхорын Найдандорж
Хөгжмийн зохиолч – МУУГЗ Содномын Дашням
Жүжгийн туслах найруулагч – МУСТА Н.Бямбасүрэн
Дүрд наадагсад:
Буяннэмэх – Жүжигчин МУСТА Н.Бямбасүрэн
Дамбадорж – Жүжигчин М. Эрдэнэбаяр
Элбэгдорж – Жүжигчин МУСТА Д.Очирпүрэв
Дуламжав – Жүжигчин Э.Уранжаргал
Жена – Жүжигчин МУСТА Д.Отгонсүрэн
Хаймчиг – Жүжигчин Б.Магсаржав
Жүгнэй – Бүжигчин МУСТА У.Өнөрбаяр
Түдэв – Г.Намсрай.