Лиз Трасс Их Британийн ерөнхий сайд болоод зургаан долоо хоног л өнгөрч байна. Өнгөрсөн долоо хоногт тэрээр сангийн сайд Квази Квартенгийг албан тушаалаас нь чөлөөлсөн бол өчигдөр дотоод хэргийн сайд Суэлла Брэйврмэн огцрох хүсэлтээ түүнд илгээжээ. Лхагва гаригт Ерөнхий сайдад илгээсэн огцрох хүсэлтэндээ тэрээр засгийн газрын аюулгүй байдлын дүрмийг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, "Би алдаа гаргалаа,хариуцлагаа хүлээнэ, тиймээс огцорлоо" гэжээ.
Консерватив намын удирдлагад нэр дэвшигч асан тэрээр мөн "энэ засгийн газрын чиг хандлагад санаа зовж байгаагаа" илэрхийлэв.
Тодруулбал, "Бид сонгогчиддоо амласан гол амлалтаа зөрчөөд зогсохгүй, засгийн газраас авч хэрэгжүүлэх ёстой цагаачлалын нийт тоог бууруулах, хууль бус шилжилт хөдөлгөөнийг таслан зогсоох зэрэг үйл хэргүүдэд би маш их санаа зовж байна" гэж хэлсэн байна. Ийнхүү хэдхэн хоногийн зайтай чухал сайдуудаа алдаж буй Лиз Трассын цаашдын засаглал маш хэврэг болж буйг шинжээчид онцоллоо.
SOURCE: THE GUARDIAN, SKY News