ОХУ-аас ХБНГУ руу хий дамжуулах “Норд Стрийм” 1, 2 дугаар хоолойд эвдрэл гарч, хий алдагдсаныг Европын Холбооноос санамсаргүй үйл явдал гэж үзэхгүй байгаа. Түүнчлэн Европын Холбооноос тус бүс нутгийн эрчим хүчний салбарт санаатайгаар хор хохирол учруулах гэсэн хэнд ч хариу үйлдэл үзүүлнэ гэдгээ сануулсан.
Балтын тэнгисээр дамжих энэхүү хоолойнууд эвдрэл гарах үед ажиллаагүй байсан ч хий агуулсан байсан юм. Европын Холбооны бусад удирдагчид эл үйлдийг “тохиолдол” гэж огтхон ч бодохгүй байгаагаа илэрхийлсээр байна.
Тодруулбал Шведийн ерөнхий сайд Магдалена Андерсон “Ийм хэмжээний эвдрэлийг үүсгэхэд маш хүчтэй дэлбэлэх төхөөрөмж хэрэглэсэн байх өндөр магадлалтай” гэсэн юм. Украины талаас энэ үйлдэлд ОХУ-ыг буруутай гэж хардаж буйгаа илэрхийлсэн. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Бүтэн Европ тивийн эрчим хүчний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг нухацтай авч үзэн, шалгах хэрэгтэй” гэж мэдэгдсэн. Товчхондоо энэ эвдрэлийг Орос-Украины дайнаас улбаатай ээлжит хохирол гэж талууд үзэж байгаа юм.
Ийнхүү өчигдөр хий алдагдсан дөрөв дэх тохиолдол болсныг Швед улс мэдэгдсэн. Үүний дараа ОХУ-аас хий алдагдсан бүс нутаг нь АНУ-ын тагнуулын албаныхны хяналтад байдаг хэсэг гэдгийг мэдээлсэн байна. Энэ асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнөөдөр хуралдах юм.
SOURCE: AL JAZEERA