Монгол Улсын хилээр орж ирж буй Оросын иргэдэд туслах зорилго бүхий “Нэг үндэс” хөдөлгөөн эхлүүлнэ гэж иргэний хөдөлгөөнийхөн мэдээллээ. Тэд “Манай Засгийн газар энэ асуудлаар яаралтай төлөвлөгөө гаргаж ажиллах хэрэгтэй” гэж ярилаа.
Мөн “ОХУ-аас маш олон залуучууд Монголд орж ирж байна. Үүсээд байгаа энэ нөхцөл байдалд улс төрийн нам харгалзахгүй, төрийн бус байгууллагууд ялгалгүйгээр, хэн нэгэндээ дуртай, дургүйг үл харгалзан бүгд нэг талдаа гарч энэ асуудалд хандацгаая. Үүнийг үндэсний хүмүүнлэгийн хөдөлгөөн болгож, “Нэг үндэс” үндэсний хөдөлгөөн өрнүүлье” гэлээ.
МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЗОРИЛГООР ХОЁР УТАСНЫ ДУГААР 24 ЦАГААР АЖИЛЛУУЛЖ БАЙНА
Цацрал “Аравдугаар сарын 1-ээс Монгол, Оросын хил дээр мэдээлэл авах зорилгоор хоёр утасны дугаар 24 цагаар ажиллуулна. Нэг талдаа хилээр дамжин орж ирсэн хүмүүст мэдээлэл өгөх зорилготойгоор орос хэлээр суваг үүсгэсэн. Тэнд орос хэлтэй хүн байна. Нөгөө талдаа монгол хэлээр буюу монголчуудийн тусламж, хандив, санаа сэтгэгдлээ хэлэх зорилготой юм.
Өчигдрөөс эхлэн телеграмд #1root гэсэн hashtag-тай групп нээсэн. Энд тусламж авах гэж байгаа Буриадууд, хил давж орж ирсэн залуучууд мэдээлэл солилцож, хэрэгтэй тусламжийг нь бүртгэж аваад, туслахыг хүсэж байгаа хүмүүстэй нь холбож өгнө.
ОХУ-ААС ИРСЭН ИРГЭДИЙН ВИЗНИЙ ХУГАЦАА ДУУСАХАД ЯАХ ВЭ ГЭДГЭЭ ЗАСГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЭХ ХЭРЭГТЭЙ
Засгийн газраас хил давж орж ирсэн элэг нэгтнүүддээ ямар тусламж, дэмжлэг үзүүлэх, ямар сувгаар мэдээллийг дамжуулах тухай зохион байгуулалт, хамтран ажиллахад нээлттэй хэлэлцэхэд долоо хоногийн хугацаа өгч, зөвлөмж шаардлагыг хүргүүлж байна.
Манай улсад орж ирсэн хүмүүс ихэвчлэн аяллын визээр ирсэн. Энэ хүмүүсийн визний хугацаа дуусахад яах вэ гэдгээ Монголын Засгийн газар маш тодорхой мэдээлэх хэрэгтэй. Энэ хүмүүсийг албадан гаргахгүй гэдэг мэдээллийг өгөх шаардлагатай. Энэ байр сууриа олон улсад тодорхойлох шаардлага тавьж байна.
БИД МОНГОЛ УЛСЫН ДҮРЭМ ЖУРМЫГ ОХУ-ААС ИРСЭН ИРГЭДЭД ЗААЖ БАЙНА
Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд манай байгууллагын залуус хил давж ирж байгаа иргэдэд дүрэм, журам зааж байна. Биеэ яаж авч явах, Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль дүрмийг нь яаж барих зэрэг бүх зүйлийг онцгойлон зааж байна. Хотын гудамжинд хүртэл яаж явах зэргийг нэг бүрчлэн зааж, сануулан, зөвлөж байна. Аль болох эмх цэгцтэй байхын тулд үүнийг зохицуулж байна” гэлээ.