“Бэлтэс мөрөн” компанид мөнгөө алдсан иргэдийн асуудлаар МБА-ны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, Залилах гэмт хэрэгт мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан нар мэдээлэл өглөө. Хэргээс болж олон тооны иргэд хохирсон учраас мөрдөн шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
МБА-наас нийт 40 гаруй мөрдөн байцаагчтай ажлын хэсэг ажиллаж буй. Улмаар "Бэлтэс мөрдөс" компанийн ажилчин болон захирал гэх хүмүүсийн нэр дээр байсан 13 тээврийн хэрэгсэл, 12 үл хөдлөх хөрөнгийг прокурорын зөвшөөрлөөр битүүмжилж, хураажээ.
“Бэлтэс мөрөн” компани 2549 иргэнд 45.3 тэрбумын хохирол учруулсан байна. Үүнээс 1600 хүн 12.1 тэрбумыг өсгөж авчээ. Ажлын хэсгийн мөрдөн байцаагчид хэргийг аравдугаар сардаа багтааж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэхээр ажиллаж буй юм.