“Туул голоо цэвэрлэе” санаачилгад Монголын их дээд сургуулийн оюутнууд болон төрийн байгууллагын 10 мянга гаруй залуучууд оролцож, Туул голын сав дагуух хог хаягдлыг цэвэрлэхээр нэгдлээ.
Амралтын өдрийн өглөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хөдөлсөн залуусын цуваа Туул гол дагуух нийт 11 байршилд анги, баг, хамт олноороо нэгдэж хог цэвэрлэх юм. Тус арга хэмжээнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ оролцож нийслэлийн 1,6 сая хүн амын ундны ус болсон Туул голоо цэвэрлэх санаачилгад нэгдэн амралтын өдрийн өглөө эртлэн ирсэн нийт оюутан, залуучууддаа талархал илэрхийллээ. Туул гол нь Монгол улсын төв, хойд хэсгээр урсдаг төдийгүй нийт 819 км урттай бөгөөд ус цуглуулах талбай нь 49,840 км2 юм.
Хэнтий, Төв, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын нутгаар урсан өнгөрдөг Туул голын сав газрын өндөршил нь 770-2800 метр. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 2799.3 метрийн өндөрт өргөгдсөн Асралт Хайрхан уул, хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 770 метрийн өндөр Орхон-Туулын бэлчир газар юм.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам