Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж буй "Улаанбаатар түншлэл – 2022" олон улсын үзэсгэлэн яармаг есдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд болох гэж байна.
Тус үзэсгэлэн худалдаа нь 47 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн яармагт Бүгд Найрамдах Беларус улс, Малайз, ОХУ, Тайвань улсаас болох 70 гаруй компани, аж ахуй нэгж оролцон, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүн, боловсрол болон тээвэр логистикийн салбарын бүтээгдэхүүн зэргийг дэлгэх юм.
Үзэсгэлэн худалдааны үеэр тусгайлан зассан уулзалтын цэгт манай улсыг зорин ирж буй гадаадын байгууллагуудтай бизнес уулзалт хийх, хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжийг зохион байгуулагчдын зүгээс олгож байна. Импортлогч аж ахуйн нэгжүүд түнш байгууллага хайж буй бол уг үзэсгэлэн яармагт оролцон, бүтээгдэхүүн, үйлчилгээг бодитоор үзэж танилцан, түншлэх боломжтой юм.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар