Техник, технологийн үсрэнгүй хөгжил бүхий орчин үед хөгцөрч, мөөгөнцөртсөн сургуульд сурагчид сурч байна гэвэл уншигч та итгэх үү. Хана, тааз нь бүхэлдээ хөгцөрч, хэзээ мөдгүй нурах эрсдэлтэй сургууль үйл ажиллагаа явуулж байгаа нь, тийм орчинд хүүхдүүдийг сургаж буй нь “Арай ч дээ” гэж халаглахаас өөр аргагүй асуудал мөн үү мөн.
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын сурагчид барилга нь муудаж хөгцрөн, мөөгөнцөртсөн сургуульд хичээллэж байна. Хэсэгхэн хугацаанд бус наймын найман жил ийм орчинд хичээллэж буйг гайхаад баршгүй. Найман хоног бус найман жил гээд бод доо. Орчин үед юун сургууль байтугай дориухан амбаар ч тэгж хөгцөрч, мөөгөнцөртөхгүй.
Үеийнх нь хүүхдүүд техник, технологийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхаж, цэвэр, цэмцгэр орчинд хичээллэж байхад Чандмань-Өндөрийн сурагчид балгас болж, хуучирсан сургуулийнхаа мөөгөнцрийг арилган, будаг нь халцарч, цөмрөх шахсан шалаа зүлгэж сууна.
Чандмань-Өндөр сумын сургуулийн барилгыг барих тендерт “Зос трейд” компани 2017 онд ялжээ. Улмаар 3,1 тэрбум төгрөгөөр барихаар гэрээ байгуулж, ажлаа эхлүүлсэн байна. Гэтэл цар тахал, хөл хорио, барилгын материалын хомсдол, үнийн өсөлт гэх мэт шалтгаануудын улмаас дахин нэг тэрбум төгрөг нэмэхийг хүсчээ. Тухайн үед орон нутгийн удирдлага “Зос трейд”-д шаардлагатай мөнгийг нь шийдэж өгсөн гэнэ. Гэтэл дахин нэг тэрбум төгрөг нэмж өгөхийг шаардсан байна. Чандмань-Өндөр сумын удирдлага, БШУЯ “Боломжгүй” гэсэн хариу өгснөөр барилгын ажил удааширчээ. Үүний улмаас 2019 онд ашиглалтад орох байсан сургуулийн барилга өнөөг хүртэл гацаад байгаа юм.
Ийм олон жилийн хугацаанд БШУЯ, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Чандмань-Өндөр сумын удирдлага хаана байв. Энэ асуудлыг шийдэн, сурагчдаа эрүүл, аюулгүй орчин сургахын төлөө юу хийв.
Чандмань-Өндөр сумын сургуулийн тендерийг зарласан, хариуцаж буй байгууллага нь БШУЯ. Захиалагч нөгөө талаараа салбарынх нь асуудал атал БШУЯ “Мэдэхгүй” гээд, энэ асуудлыг зохицуулж, шийдвэрлэх учиртай Хөвсгөл аймгийн БШУГ “Олон жилийн өмнөх зураг байх. Одоо тийм барилгатай сургууль гэж юу байх вэ дээ” гээд мэдэн будилж суугаа нь харамсалтай.
Салбарын сайд, Хөвсгөл аймгаас сонгогдсон түшээ гээд аль, аль талаас нь ч бодсон энэ асуудалд хамгийн их анхаарал хандуулж, тодорхой шийдэл, шийдвэр гаргах учиртай эрхэм бол Л.Энх-Амгалан сайд. Гэтэл ийм ноцтой, олон он дамнасан асуудлыг харьяа яам нь мэдээгүй, салбарын сайд нь тодорхой арга хэмжээ авахгүй суугаа нь хачирхалтай. Хэрвээ энэ асуудлыг Л.Энх-Амгалан сайд хөөцөлддөг, “Барилгыг нь ашиглалтад яаралтай оруулъя, сурагчид эрсдэлд орохоос хамгаалъя” гэдэг бол БШУЯ мэдэх учиртай. Тодруулах гээд холбогдоход “Чандмань-Өндөр сургуулийн барилгын талаар мэдэхгүй, ямар нэгэн гомдол, хүсэлт ирж байгаагүй” гээд сууж байхгүй нь ойлгомжтой. Гэтэл тус сумын засаг дарга Л.Энхжаргал БШУЯ, Хөвсгөл аймгийн ЗДТГ-д олон удаа хандсанаа учирласан юм.
Цаашид Чандмань-Өндөр сумын сурагчид хөгцөрч, мөөгөнцөртсөн сургуульд аргагүйн эрхэнд хичээллэж, эрүүл мэнд, амь нас нь дээсэн дөрөөн дээр байсаар байх уу. Сургууль нураад ч юм уу багш, сурагчид амь нас, эрүүл мэндээрээ хохирвол хэн хариуцлага хүлээх вэ.
Энэ асуудал ийм олон жил удааширч, гацсан нь БШУЯ, Л.Энх-Амгалан сайд хариуцлагагүй, сэтгэлгүй ажиллаж байгаагийнх илрэл гэж шүүмжлэх хүн олон.
Хэрвээ таны хүүхэд ийм орчинд хичээллэж байсан бол эрхэм сайд та сэтгэл амар суух байсан уу. Наймын найман жил хөгц, мөөгөнцөр хусаж, нэг л өдөр цөмөрч мэдэх шалаа зүлгэж суухыг харж тэвчих байсан уу. Тэгэхгүй нь ойлгомжтой.
Ийм байхад төрийн ажил гацахгүй, шийдвэр, шийдэл нь хөрсөн дээр буухгүй, хүрэхгүй байх нь аргагүй. Тэд хэдий болтол хөгцөрч, мөөгөнцөртсөн сургуульд сурах вэ. Тиймээс Хөвсгөл аймгаас сонгогдсон, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан та энэ асуудалд анхаарлаа хандуулж, Чандмань-Өндөр сумын сургуулийн барилгыг энэ жилдээ багтаан ашиглалтад оруулах талаар бодитой, дөмөгхөн арга хэмжээ авч, олон зуун багш, сурагч амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийлэхийг хүсье.